aСаяхан Австрийн нийслэл Вена хотод Олон улсын атомын энергийн агентлагийн ээлжит бус хурал болж, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын хор хөнөөлийн тухай ширүүхэн ярилцаж, зарим улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж буйгаа зарласан нь шуугиан тарив. Тэр дундаа атомын 17 станцтай Герман улс 2022 он гэхэд атомын бүх станцын үйл ажиллагаагаа зогсооно хэмээн мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Гэвч зарим экспертүүд үүнийг “тактикийн тоглолт” хэмээгээд, ирээдүйд атомын цахилгаан станцтай орны тоо нэмэгдэх нь тодорхой гэж байна.
ОУАЭА-ийн тэргүүн Юкия Амано 2030 он гэхэд 300 гаруй атомын цахилгаан станц шинээр ашиглалтад орж, дэлхийн нийт эрчим хүчний 60-70 хувийг хангана гэж мэдэгдсэнээс үзвэл дээрх таамаг оргүй биш бололтой. Өдгөө дэлхийн 31 орон атомын эрчим хүчийг ашиглаж байгаа бөгөөд нийт 441 цөмийн реактор бий. Эдгээр цөмийн реакторууд өдгөө дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ тоо цаашид өснө үү гэхээс буурахгүй гэдгийг Венийн хурлын үеэр Юкия Амано мэдэгдсэн. Учир нь нүүрсний нөөц дундарч байгаа бөгөөд байгальд үзүүлэх сөрөг нөлөөг нь тооцож, уг түүхий эдийг эрчим хүчний салбарт олон жил ашиглахгүй гэдгийг сануулсан. Тиймээс атом уу, байгалийн хий юү гэсэн хоёрхон сонголт үлдэж байна.
АТОМ ТОГЛООМ БИШ
Манай улс байгалийн хийн нөөцгүй учраас цөмийн эрчим хүч ашиглах талаар эртнээс судалж байгаа. Гэвч Японы “Фүкүшима-1” цөмийн реакторын ослоос үүдэж дэлхий нийтээр цөмийн эрчим хүч ашиглах асуудалд эмзэг хандах болсон. Зарим улс атомын “тоглоом”-ноос гарах тухайгаа мэдэгдэж эхэлсэн нь цөмийн эрчим хүчний салбарт нэгдэх хүсэлтэй байгаа Итали, Иран, Турк, Беларус, Монгол зэрэг улсад анхаарлын тэмдэг болж байна. Цөмийн энергийн газрын Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Эрдэвтэй уулзахад манай улс 2021 оноос цөмийн эрчим хүч ашиглаж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгав. 2009 оны долдугаар сарын 22- нд Засгийн газрын 202 дугаар тогтоол гарч, цөмийн технологийг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн аж. 2017 он хүртэл судалгаа, шинжилгээний ажил болон урьдчилсан бэлтгэлээ хангаж чадвал цөмийн эрчим хүч ашиглах боломж бүрдэх юм байна.
Цөмийн реакторын гол түүхий эд болсон ураны нөөц манайд хангалттай бий. Манай ураны баталгаат нөөц 70000 тонн бөгөөд зарим судлаачид 1.4 сая тонн бий хэмээн таамагладаг. Зөвхөн баталгаат нөөцийг түшиглэж хэлбэл энэ нь дэлхийн ураны нэг жилийн хэрэгцээтэй дүйх үзүүлэлт. Тэгэхээр технологийг нь л нэвтрүүлж чадвал түүхий эдийн талд санаа зовох зүйлгүй хэмээн Б.Эрдэв ярьсан. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Areva”, “BHP Billiton”, “Rio Tinto”, “Росатом” зэрэг компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 оны дунд үед ураны оксидын баяжмалын спот үнэ дэлхийн зах зээлд оргил цэгтээ хүрч, нэг фунт буюу 0.45 кг нь 136 доллараар арилжаалагдаж байв. Гэвч уг бүтээгдэхүүний ханш ганц жилийн дотор гурав дахин буурч, өдгөө фунт нь 42 орчим долларын үнэтэй байна. Тиймээс гаднынхан манай ураныг үнэгүй шахам зөөж одохыг хүлээлгүйгээр цөмийн эрчим хүчний салбарт эрсдэлтэй алхам хийж үзвэл ямар вэ.
33 ХУВЬ БУЮУ ГУРАВНЫ НЭГИЙГ
Манай улс дэлхийн цөмийн эрчим хүчний газрын зурагт бүдэг ногоон өнгөөр тэмдэглэгдсэн. Энэ нь Йордан, Казахстан улсын адил цөмийн реактор барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн дохио. Цөмийн энергийн газраас хийсэн судалгаагаар цө- мийн нэг реактор баривал эхний ээлжинд дотоодын эрчим хүчний 33 хувь буюу гуравны нэгийг дангаар хангах боломжтой аж. Нарийвчилсан судалгаа гараагүй учраас дээрх хэмжээ хэлбэлзэж мэднэ. Гэлээ ч ураны нөөцөө түшиглэн цөмийн реактор барьж яагаад болохгүй гэж. Манайх ОУАЭА-ийн гишүүн бөгөөд цөмийн реактор барихаар ОХУ, АНУ, БНХАУ, Япон зэрэг долоон оронтой хамтран ажиллахаар тохиролцсон. Цөмийн эрчим хүчний салбарын томоохон төлөөллүүдтэй хамтарч, тэдний технологийг судалснаар атомын цахилгаан станцыг асуудалгүйгээр нэвтрүүлэх боломж бий. Гэвч цөмийн эрчим хүч тоглоом биш гэдгийг “Фүкүшима”- ийн жишээ бидэнд нотолсон. Техник, технологи өндөр хөгжсөн Япон улс хүртэл цөмийн эрчим хүчний өмнө “жижгэрч” байхыг нүдээр харсан бид энэ асуудалд эмзэг хандах нь ёстой нь мэдээж.
ГОВЬ ГОЛ НАЙДВАР
Цөмийн реактортай болдог юм аа гэхэд үүнийгээ хаана байгуулах вэ гэх асуудал хөндөгдөнө. Дэлхийн улсууд цөмийн реактороо ихэвчлэн далайн эргийн ойролцоо байгуулдаг нь ус их хэмжээгээр шаарддагтай холбоотой. Гэвч далайгаас алслагдмал манай орны хувьд цөмийн реактор услах хэмжээний хүрэлцээтэй ус байхгүй. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал Б.Чадраа гуайтай уулзаж, энэ талаар асуухад АНУ-ын Аризона мужийн цөмийн цахилгаан станцын жишээгээр тайлбарлав.
Аризонагийн цөлөрхөг хэсэгт байх 4200 ваттын цөмийн реакторт 60 км-ийн хол байрлах Фениксээс ус татдаг аж. Б.Чадраа гуайн хэлж буйгаар манай говьд цөмийн реактор байгуулах боломжтой бөгөөд Аризонаг бодвол гадаргадаа ч, гүндээ ч устай аж. Саяхан Саудын Араб Аризаногийн туршлагын дагуу 17 цөмийн реактор барьж эхэлжээ. Гэвч цөмийн реактор байгуулахын тулд бидний хэтэвч нэлээдгүй зузаан байх хэрэгтэй болно. 4200 ваттын цөмийн реакторын үнэ л гэхэд 6.4 тэрбум ам.долларт хүрдэг аж.
ЯГ 10 ЖИЛИЙН ДАРАА
Өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний хэрэгцээнийхээ 92 хувийг дулааны станцаас, таван хувийг дизель, үлдсэнийг нь усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. Энэ хэвээрээ 20-30 жил ч тэсэх бололцоо бий. Гэлээ ч нүүрс ургадаггүй учраас бид хүссэн хүсээгүй цөмийн эрчим хүчний салбарт нэгдэх л болно. Хэрэв төлөвлөгөө ёсоор болбол яг 10 жилийн дараа манай улс анхны атомын цахилгаан станцаа өлгийдөн авна. Яг 10 жилийн дараа дэлхийн эрчим хүчний хэрэглээ 66 хувиар өсөж, атомын цахилгаан станцын тоо хэдийнэ 300-гаар нэмэгдсэн байх нь. Атом тэр үед аймаар зүйл биш, амьдралын хэрэгцээ болох нь.
Ж.Тэгшжаргал
Сэтгэгдэл ( 0 )