Харьд хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбарыг СҮҮН ЦАГААН өнгийн боржин чулуугаар босголоо

2022 оны 10 сарын 10

Харьд хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбарыг төрөлх газар шороон дээр нь СҮҮН ЦАГААН өнгийн боржин чулуугаар босголоо.

Москвад дуудагдаж, цаазын ял авсан Ерөнхий сайдууд, төрийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд болох Монгол иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж тус хотын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьект буюу буудан хороосон газарт нь 2001 онд дурсгалын самбарыг Монгол Улсын санаачлагаар босгосон хэдий боловч харьд хэлмэгдсэн Монгол иргэдийн шарил төрөлх эх орондоо оршуулагдаагүй байдал, тэдгээрийн үр хойчис дурсгалыг хүндэтгэх, дурсах боломж хязгаарлагдмал байгаа нь бодит үнэн тул Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран өнөөгийн Оросын Холбооны Улсад буй гэрэлт самбар бүхий цогцолборын хуулбар хувийг төрөлх Монгол нутагт нь ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн орчинд цогцлоон ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’-д байгууллаа.

Энэ талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа "1937-1941 онуудад Москва хотод дуудагдан баривчлагдан хилс хэрэг хүлээлгэн, ял эдлэн, цаазаар авахуулж эх орон, элгэн садандаа эргэн ирж чадаагүй тэдгээр иргэдээ бид дурсан санаж байна.

Тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд үндэсний сэхээтнүүд, манлайлагчид байсан юм.

Монгол Eлсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн он жилүүд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон иргэдийнхээ гунигтай боловч үнэн түүхийг бид хэзээ ч мартаж болохгүй. Харьд хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбарыг төрөлх газар шороон дээр нь СҮҮН ЦАГААН өнгийн боржин чулуугаар босголоо.

Энэхүү ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’ нь ЗХУ-д хэлмэгдсэн 249 монгол хүний ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн гишүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг эх нутагтаа хүндэтгэх, дурсах орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болж байна. Үүгээр зогсохгүй Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр, залуу үеийг соён гэгээрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.190.32) 2022 оны 10 сарын 10

Хаана аваачиж амь насыг нь бүрэлгэсэнийг Хэзээ ч мартаж болохгүй .Ум маани бадми хум

0  |  0
Top