Хулгар Зундуйн цагаан морь

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ард Шилийн сайн эр Хулгар Зундуйн цагаан морь нутгийн домог түүхтэй олон морьдоос илүү домогтой морь юм. Энэ морь хол газрыг эцэж цуцалгүй туулдаг их хурдтай морь байжээ. Цагаан морь хад асганд янгир шиг явдаг байсан гэдэг. Зундуй Улиастай хотод зуныг үдэж явж байгаад Хятадын амбаны юмнаас хулгай хийж, бас ч хятад хүн алаад хүнд танигдаад зугтааж, тэр шөнөө Эрдэнэ вангийн хүрээнд орж /Завхан аймгийн төвөөс Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Нарт хонгорын өвөрт/ үүрээр мөн Хятадын амбаны эд хөрөнгөнөөс хулгай хийж хятад хүн зодож баригдаж хар гэрт орсон гэдэг. Улиастайн хятад амбанаас нэхүүл ирж Зундуйн хийсэн хэргийг хэлж ял тооцох гэхэд Зундуй хар гэрт байсан ба хоёр хэргийн хоорондох цаг хугацаа Улиастай хот, Вангийн хүрээ хоёрын хоорондох газрын хэмжээг тооцож үзэхэд зуны шөнө мориор туулах газар биш байсан тул Улиастайд хүн андуурсан гэж үзээд сүүлийн хэргээр нь Зундуйг шийтгэж байсан гэдэг. Мөн Хулгар Зундуйг асга хадтай газар байхад нь барих гэж /Алаг хадны буланд/ хэсэг хүн бүслээд хад асгатай тал руу нь шахаж барих гэхэд цагаан морь асга хадан дундуур янгир шиг дүүлж гараад баригдаагүй гэдэг. Цагаан морь их бяр тэнхээтэй морь байж. Хулгар Зундуй, Хойшоо Даржаа хоёр нийлж хонь хулгай хийгээд Хулгар Зундуй хоёр эр хонь ганзагалаад, өмнө нь хойшоо Даржаа нэг хонь ганзагалаад зугтааж байж. Гэтэл Даржаагийн морь газрын хэвлийд ойчиж хөлөө хугалахад нь Даржааг сундлуулаад хоёр хонио хаялгүйгээр зугтааж хөөж явсан хүмүүст баригдаагүй гарч байсан гэдэг. Цагаан морь айлын хот руу орохдоо яг нохой шиг мярааж ойртоод хотон дунд хар хурдаараа ороод хоёр тийшээ налдаг /хонь барьж ганзагалахад дөхөм болж/ авьяастай байсан гэдэг. Үүний жишээ нь Хулгар Зундуйгаас нэг хүн цагаан морийг нь унаж хонь хулгай хийе гэж гэнэ. Зундуй цагаан морио өгөөд явуулжээ. Өнөө хүн айлын бэлчиж явсан хонь руу ойртож очиход цагаан морь унаж явсан эзэндээ захирагдалгүй яг чоно шиг жалга руу дагаад мярааж гэнэ. Унаж явсан эзэн нь учрыг нь ойлгож аль хонийг шүүрэх вэ гэж бодоод явж байтал цагаан морь ганцхан ухасхийгээд нэг бүдүүн ирэгний хажууд ирээд баруун талаараа налж гэнэ. Нөгөө эр бүдүүн иргийг өрөөсөн гараараа барьтал морь цааш хурдалж нөгөө хүн хониндоо татагдан унаад хонин дотор хоцорчихоод хонины эзэнд баригдсан гэдэг. Гэтэл цагаан морь цааш давхин одохдоо өөр нэг бүдүүн ирэгний дэргэдүүр өнгөрөхдөө зүүн талаараа налаад цааш давхиад явчихсан гэх домог байдаг юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top