ИЦББХ: Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2022 оны 10 сарын 25

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2022.10.24/ хуралдааны 13 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Э.Батшугар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор төрийн хэд хэдэн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлж өнөөгийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан үйлчилгээний төвд нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 186 албан хаагч, Засгийн газрын харьяа найман байгууллагын 19 албан хаагч нийт 205 албан хаагч 448 нэр төрлийн үйлчилгээг, аймаг, орон нутагт 21 аймгийн төвд Засгийн газрын харьяа байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн 24 байгууллагын 179 албан хаагч 1285 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь иргэд олон төрийн байгууллагаар дамжиж үйлчилгээ авахгүй байх давуу талтай хэдий ч аймаг, дүүрэгт нэг төвтэй, тухайн төв нь олон ажилтантай ч бүх үйлчилгээг үзүүлдэггүй, ихэнх тохиолдолд эрэлттэй үйлчилгээ нь дараалал ихтэй, бусад үйлчилгээ нь сул байдаг зэргээс шалтгаалан иргэдээс гомдол, санал ирүүлэх тохиолдлууд олон байгаа тул төрийн үйлчилгээг бүтэц, зохион байгуулалтын хувьд илүү оновчтой хэлбэрээр хүргэх хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна гэв.

Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж орон нутгийн төсвөөс санхүүждэг болон босоо тогтолцоотой байгууллага ажилтнаа шууд томилдгоос шалтгаалж нэг цэгээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүргэж чадахгүй байх, төрийн үйлчилгээ авахдаа олон цонх дамжиж байгаа нь нэг цонхны үйлчилгээний үндсэн үзэл санаа, зарчмыг алдагдуулж, зөвхөн байгууллагууд төвлөрсөн үйлчилгээний зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Одоогийн байдлаар татвар, торгууль төлөх, даатгуулах, тэтгэмж авах хүсэлт гаргах, оюутан цэргийн бүртгэл хийлгэх зэрэг таван байгууллагын 50 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, мөн тусгай зөвшөөрөл авах, сунгах, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх нөхөн авах зэрэг 24 байгууллагын 194 төрлийн олон шатлал бүхий үйлчилгээг оператор хэлбэрээр үзүүлж байна.

Орон нутагт салбар нэгжгүй Оюуны өмчийн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Жижиг дунд үйлдвэрийн газар зэрэг төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг орон нутагт үзүүлэх боломжгүй байна. Цаашид иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нэмж 44 төрийн байгууллагын 181 нэр төрлийн үйлчилгээ, орон нутагт салбар нэгжгүй дээрх байгууллагын үйлчилгээг оператор хэлбэрээр үзүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ингэснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд төрийн үйлчилгээний асуудал хариуцсан нэгжийг байгуулж, дээрх тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний оператор хэлбэрийн нэгдсэн ойлголт, стандартыг мөрдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулснаар төрийн байгууллагаас цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанарыг хянаж, сайжруулах, улмаар төрийн үйлчилгээний шат дамжлагыг оновчлох ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж хүнд сурталгүй, шат дамжлага багатай төрийн үйлчилгээг бий болгоход чухал ач холбогдолтой гэв.

Дээр дурдсан хэрэгцээ, шаардлага, холбогдох судалгаа, тайланд үндэслэн хуулийн төсөл, хуулийн төслийг дагаж боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалттай байхаар тусгалаа. Үүнд:

1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээд өөрт хамгийн ойр байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг цогц байдлаар авах нөхцөлийг бүрдүүлж, төрийн үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулж, төрийн үйлчилгээний төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн удирдлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилохоор тусгалаа.

2.Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасгаас хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам болон үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар тус тус тогтоолоо. Энэ хүрээнд уг жагсаалтад дурдсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хуульд заасны дагуу үзүүлэх чиг үүргийг хэвээр үлдээж, нэг цэгийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг нэг цонхны үйлчилгээний үндсэн үзэл санаа, зарчмыг алдагдуулахгүйгээр төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр тусгалаа.

3.Түүнчлэн орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын үйлчилгээг төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж хариуцан хүргэхээр тусгасан. Мөн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтоов.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна орон зайнаас үл хамааран авах боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзэж байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан. 

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүдийн зүгээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон цаашлаад төрийн мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох ажлын хэрэгжилтийг тодруулав. Мөн орон нутагт нэг цэгийн үйлчилгээг оператор хэлбэрт шилжүүлэхийн давуу талыг илүүтэй лавлаж байлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариултдаа, хуулийн хэрэгжилтийг манай яам ханган ажиллаж буйг онцлоод төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж буй этгээдүүд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн намууд гэсэн  дөрвөн субьект мэдээллийг нээлттэй болгох ёстой. Нийт 209 мэдээллийг ил болгохоос одоогоор 90 орчим нь нээлттэй болсон гэж байлаа.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээлэл ил болсноор мэдээлэл цуглуулах ашиглах эрх нь хэн бүхэнд хадгалагдана гэдгийг тодотгоод яамны зүгээс холбогдох байгууллагууд руу мэдээллээ ил тод болгох шаардлагыг тавьж байна гэв.

Тэрбээр, хуулийн төслийн хүрээнд орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээ түргэн шуурхай хүрдэг болно. Тухайлбал, ТҮЦ машинуудыг сум, орон нутаг руу шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд болон хувийн хэвшлийн киоск машинуудаар тоон гарын үсэг олгож, “Хур” системд холбох эрхийг нь хангаж байна. Бидний зүгээс иргэдэд төрийн үйлчилгээ авах сонголтуудыг олон болгох боломжийг хангахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг орон нутагт хийж, хүнд суртлыг багасгана хэмээн хариулж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Г.Амартүвшин гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь тус тус дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.  

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан.   

Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад дараах зорилтуудыг чиглүүлж байна.

Үүнд;

-Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

-эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх, төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

-өрийн удирдлагын стратеги оновчтой хэрэгжүүлэх;

-халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллын зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

-хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно гэв.

Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, цахим шилжилтийг цогц бодлого, зохицуулалт, уялдаа холбоог хангах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн үйлчилгээний нэгдсэн газрыг байгуулж, холбогдох зардлыг тусгалаа. Ингэснээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг хянаж сайжруулах, үйлчилгээний шат дамжлагыг оновчтой болгох ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хүнд сурталгүй, шат дамжлага багатай төрийн үйлчилгээг операторын горимд нийцүүлэн байгуулах ач холбогдолтой. Төрийн үйлчилгээний нэгдсэн газрыг байгуулж байгаатай холбогдуулан НЗДТГ, УБЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газруудын нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдыг Төрийн үйлчилгээг зохицуулах газарт шилжүүлэхээр тооцлоо. Төрийн бүх шатны байгууллагаас олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ гэж салбарын сайд танилцуулгадаа тодотгосон.

Зөвшөөрөл хүсэх олгох, хяналт тавих бүхий л шатанд төрийн оролцоог цахим хэлбэрээр шийдвэрлэх, бизнес эрхлэх зөвшөөрөгдсөн чиг үүргийнхээ хүрээнд холбогдох стандартуудыг ханган үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг одоо байгаа эрх зүйн орчин, цахим төлбөрийн баримт, татвар, санхүүгийн бүртгэлийн системийн тусламжтайгаар үнэлж, ил тод, өрсөлдөөнийг дэмжсэн бизнесийн эрх зүйн орчныг бий болгохыг сайд танилцуулгадаа онцлоод төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд ямар нэгэн төсөв, мөнгө нэмэгдүүлэхгүйгээр холбогдох байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдыг урсгал зардлын хамт шилжүүлж, 174 орон тоотой, 5.1 тэрбумын төсөвтэй байхаар тусгалаа гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан.

Тэрбээр, танилцуулгадаа, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байгааг онцлов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны урсгал урсгал зардлын төсвийн төсөл өмнөх оныхоос 13.1 тэрбум төгрөгөөр өссөн байгааг танилцуулгадаа тодотгоод төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч УИХ-д гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгснийг тодотгосон.

Мөн Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулж байгаагаа Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч онцлон тэмдэглэв.

Тухайлбал, Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий-2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэлээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байгааг тодотгохын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна гэж байлаа.

Төсвийн төсөлд тусгасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, сонгох, эрэмбэлэх үйл ажиллагааны журам болон аргачлалууд”-ын дагуу 16 шалгуур үзүүлэлтээр цахим системд төлөвлөн, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөсөн байгааг танилцуулгадаа дурдсан.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Э.Батшугар нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Цахим шилжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөхөөр боловсруулсан уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин төслийн 1, 4 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг нар төсөлд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт төрийн аудит хийлгэх зэрэг санал гаргаж байв.

Ингээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top