...Манай говь нутагт байдаггүй тэр өмхий хүрэн хаанаас ирж, тэдний байшинд үүрлэсэн юм бол?...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Пүрэвжавын Пүрэвсүрэн

Монгол Улсын төрийн шагналт, СГЗ Пүрэвсүрэн 1938 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. 1962 онд УБДС төгссөн. “Их тээлийн даваа”, “Үдийн нар өндөр”, “Танил хорвоо” зэрэг тууж, шүлгийн номоороо 1989 онд төрийн шагнал хүртжээ. Төвийн сонинууд, Монголын радиод сэтгүүлч, мэргэжлийн зохиолчоор олон жил ажиллахдаа шүлэг, өгүүллэг, найраглал, тууж, баримтат зохиолын 30 орчим ном бүтээсэн манай нэртэй уран бүтээлч юм.

 

Өмхий хүрэн

Олон жилийн өмнө манай нутгийн нэгэн буурал энэ түүхийг надад ярьж өгсөн юм. Тэр үедээ зүгээр л сонсоод өнгөрсөн боловч өдий болтол санаанаас гарсангүй. Сэтгэлд тод үлдсэн юм заавал нэг унгитай байдаг болохоор өнөөдөр буулгахаар суусан минь энэ билээ.

...Манай энд бүдүүн Аюур гэдэг нэг их баян хүн байв аа. Тэрүүн шиг баян хүн энэ нутагт хэзээ ч байгаагүй юм гэдэг. Хонь нь түм хүрч, бод мал нь мянга хол давж байсан даа. Эхнэр нь хүртэл хоёр байсан юм шүү. Хонь малыг нь олон ядуу айл хариулан гэдэс тэжээдэг байв. Гэртээ хөгшин залуу хоёр зарцтай. Настайг нь Цоорхой гэнэ. Түүний завьж нь цоорхой хүн байсан. Юм идэхдээ тэр завьжаа алгаараа дарж байж иднэ. Жинхэнэ нэрийг нь хэн ч үл мэднэ. Бас таг дүлий, хэлгүй ер нь л зовсон амьтан байсан даа. Залууг нь Дулам гэдэгсэн. Бүсгүй хүний нэртэй ч гэсэн сайхан эр байв. Цоорхой ус, түлш, унага татах, айраг бүлэхээс эхлээд гэр зуурын бүх ажилд борви бохис хийлгүй зүтгэнэ. Дулам адуу маллаж, гадуур хийх юм болгоныг амжуулна. Аюур бол идэж ууж, даалуу тоглож суудаг ямбатай эр. Олон жороо морь сэлгэн унаж, айл хэсэж, авгай хүүхэн эргүүлнэ. Намхан нуруутай, жигтэйхэн бүдүүн тэр гуншаа эрээс нутгийн охид хүүхнүүд үргэж зугтавч, хээр гадаа дайралдвал гараас нь гардаггүй байсан гэлцдэг юм. “Баян хүн гурван хаанд нүүртэй” гэдэг үгтэй юм газар. Түүний хатуу гарт орж, хэмхлүүлсэн бүсгүйчүүдэд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч л болно биз. Харин тэрний доор орсноо нуун, дотроо л өөрийгөө жигшиж явдаг байсан байх. Арвайхээрийн нэгэн баянтай наймаа хийж, эр, эм хоёр сайхан залууг өрөнд авсан гэдэг юм. Сүүлдээ эмийг нь бага эхнэрээ болгов. Эр нь тэр Дулам билээ. Бага эхнэр Пагма гэдэг үйлийн үргүй хөөрхөн амьтан. Нэг нутгаас ядуу зүдүүгийн эрхээр худалдагдан ирсэн Дуламдаа сэтгэлтэй байсан юм гэж манай нутгийн авгай нар ярилцдаг байсан юм шүү. Тэрнээсээ болж хожим нь үйлээ эдэлсэн байх л даа. Хувьсгал гараад хэдэн жил болж байсан боловч зах зайдуу нутагт баячуудын эрх дарх хэвээрээ, тэр байтугай өр ширэндээ хүн хүртэл авч байж шүү дээ.

Аюур уул нь тийм их баян айлын голомт залгасан хүн биш. Эцэг эх нь амь зуулгын хэдэн малтай айл байж. Харин түүнийг гэв гэнэт хагартал баяжуулсан хүн нь Цоорхой юм гэж ярьцгаана. Цоорхой Аюуртай нас ойролцоо. Нэг хотонд төрж, хар нялхдаа өнчрөөд, Аюурын аавын хаяа бараадан нохой шиг өсчээ. Аюурыг хорь гарч байхад эцэг эх нь хорвоог орхиж, тэр юмны эзэн, сумны занги болж өрх тэргүүлэн, нутгийнхаа Лхам гэдэг хүүхэнтэй суув. Цоорхой тэднийд ердөө л бурхнаас заяасан зарц болжээ.

Тэр жил манай нутагт айхтар ган болсон юм. Хаваржин хавсарга тавьж байгаад зуны сар гармагц халуун нар шарж гарав. Тэнгэрт ч үүл харагдахаа болилоо. Эргэн тойрон гангийн улаан униар татаад, их тал газар нүүр цонотол халуу дүүгнэ. Угийн сэргэлэн аж төрөхийн ухаан багаас суусан Аюур нутгийн чинээлэг айлуудтай  хангай  руу нүүж  одов. Уналга хөсөггүй юмуу, газар тэнгэртээ залбирч итгэсэн зарим айл гантай нутагтаа үлдээд баларсан билээ. Тэгэхэд модоо барьсан олон айл хожим Аюурын малыг дагах болсон хэрэг шүү дээ. Тэр жилийн ган Аюурын хувьд азын тэнгэр гийсэн хэрэг байв. Тэднийх Дөвөнтийн нуруу давж зусчээ. Тэр  нуруу их алттай газар. Саяхан болтол алтны уурхай ажиллаж л байв даа. Тэгж явахдаа Цоорхой хоёр хуруу зузаан, дөрөөн таваг шиг том цул алт олжээ. Тэр алт хадны завсар хавчуулаатай байсан гэнэ. Цоорхой тэр алтаа зэрэгцээ хонь тууж явсан нэг залууд харуулан, эрхий хуруугаа гозойлгон инээж байсан гэдэг юм. Зайлуул, насаараа идэх хоолтой боллоо гэж баярлаж байсан хэрэг биз! Гэвч тэр аварга алт Аюурын гарт оржээ. Хойтон жил нь Аюур нийслэл рүү нутгийн хоёр залуутай жинд явсан юм. Жингийн цуваандаа арваад хомтой ат холбосон гэнэ. Хоёр сар гаруйн дараа жингээс ирэхдээ арван атандаа дааж ядтал элдэв бараа, хөдөө нутагт нүдний гэм болсон эрээн авдар, ор, буу, дуран зэрэг маш их юмтай иржээ.

-Манай Аюур хот оруутаа л ачиж очсон ноос, үсээ тушаачихаад наймаа хийж эхэлсэн. Бид хоёр тийм их мөнгөтэй явсанд нь гайхаж л байлаа. Өдөрт л нэг тэмээ хөтлөөд явна. Оройхон бөөн ачаатай ирдэг байв. “Чи юугаараа ийм их юм аваад байнаа?” гэхэд, “Аавын хүү аргатай, атан тэмээ хүчтэй” гэдэг биз дээ... гэж инээд алдана. Хотод арваад хонохдоо арван тэмээ ачаатай болсон гэж хамт явсан залуус нь гайхан шагшин ярьж иржээ. Тэр их мөнгө бол Цоорхойн алт байсан   нь   гарцаагүй.

Тэгээд авчирсан эд бараагаа зарж баяжиж эхлэв. Баяжих тусам улам шунаг,   хатуу  сэтгэлтэй  болж  байлаа. Өрөө өгч чадахгүй байгаа айлын хүүхдүүдээ тэжээдэг хэдэн  малыг  ч хурааж авахдаа сэтгэл зовохгүй.

Тэр нэгэн зун Цоорхойн бие муудав. Зуны халуунд гадаах хураалттай барааны ёроолд шарлаж муудсан бамбай дээр ёолон, ёолон хэвтэж байгаа нь даанч өрөвдмөөр. Дэргэд нь хар саахуу, халтар аяга тавиатай. Хөөрхий муу Цоорхой сүүлдээ тэрнээсээ ууж, голоо чийглэж чадахаа байжээ. Пагма л өдөрт хоёр гурван удаа толгойг нь түшин байж, бүлээдсэн хярамнаас нь балгуулна. Дулам гэр оронд байхдаа хөөрхийг асарч бөөцийлнө. Ядахдаа энд өвдөж байна гэж хэлж чадахгүй   амьтан чинь яая ч гэх билээ дээ.

Нэг өглөө “Цоорхой үхэж, Бор ухаад нутаглуулж гэнээ”, “Хөөрхий зовсон амьтан, сая л нэг зовлонгоосоо хагацаж дээ...” гэж ярилцлаа.

Тэрний маргааш би нэг нөхөртэйгөө тэмээ эрж Бор ухаагаар явж байлаа. Нэг хонхор руу өнгийтөл юу харсан гэж санана. Өнөөх Цоорхой маань өндийгөөд сууж байв шүү. Бид хоёр ч ухаан алдах шахан айж эргэлээ. Бага ч байсан. Бас аав ээжийн нөлөөгөөр бурхан ном шүтдэг ухаантай юм чинь, нүд орой дээрээ гарчихсан амьтад л давхиж харьсан хэрэг.

-Иш, хөөрхийг амьдаар нь аваачаад хаячихсан хэрэг. Энэ Аюур даанч бузар амьтан юм. Өнөөдөр нүүж байна гэсэн. Тэгээд тээршааж, өчигдөр аваачаад хаячихгүй юу гэж аав минь хилэгнэн гаслаад нэгэн тэмээнд хоёр араг тэгнэн намайг дагуулаад явлаа. “Үхээгүй байвал авчирч голыг нь дэвтээе. Буян болох байгаа даа” гэж залбирсаар явж билээ.

Гэвч тэр өнгөрсөн байлаа. Амьсгал хураахдаа гаргасан нулимс шанаа руу нь зам татаж бараг хатаагүй байсан. Толгойд нь цийдэмний шавхруутай модон аяга байна. Үхэхдээ тун ч тарчилсан бололтой хөлөөрөө элс тийрч гараараа шороо самардсан мөр тов тод! Аав,

-Ээ бурхан минь.. хэмээн залбирч байхад нүднээс нь нулимс унаж байсан. Орой нь хүүрийн бузар халдаж магад хэмээн Бямбаа гэлэнг залж сан тавиулж билээ. Түүнээс хойш нутгийн олон бүдүүн Аюурыг жигших болов. Аюур тэр бүрийг гадарлавч ер тоохгүй, ааш авир нь улам хэрцгий чанга болж байсан юм. Түүнийг зусардан долдогногчид бас байсан. Жороо морьдоо ээлжлэн унаж, бүдүүн ташуур хөндөлдүүлэн согтуурч,

-Муусайн гуйлгачингууд архиа гаргаад ир! Гашуун усаа харамлаад байвал хотыг чинь харлуулчихаж чадна шүү хэмээн хашгична.

Тэдний гэрт Пагма шиг зовсон хүн байсангүй. Залуу сайхан авгайгаа илүү таалж, Аюур бага гэртээ голдуу хононо. Үүнд их эхнэрийн хор шар бадарч, нөхрөө эзгүйд Пагмыг элдвээр харааж зүхэн, гэзэг үсийг нь хүртэл зулгааж, зодож жанчина. Үзэн яддаг хүнтэйгээ аргагүйн эрхэнд дэр хувааж байгаадаа Пагма хувь заяагаа зүхэн, үргэлжийн шаналанд тарчилж, цэл залуугаасаа санчиг нь цайж байлаа. Түүний амьдралд Дуламтай хааяа уулзах цөөн хурам л жаргал байсан бий. Үүнийг гадарласан Аюур хөөрхий бүсгүйг тамлан, согтох болгондоо зодож жанчина. Тэр тоолон их эхнэр Пагмыг тавлан, “Болжээ болж, гуйлгачинтай нөхцөж, эр нөхрийнхөө нэрийг хорлохоор ингэдэг юм. Чи ингэж байхаар энэ голд унаж үхдэг болоосой” гэж зүхнэ. Ингэж байтал нэгэн намар айхтар дуулиантай хэрэг мандлаа. Зарц Дулам баяны дөрвөн сайхан морийг, залуу эхнэртэй нь аваад оргон зайлжээ. Аюур малаа маллуулдаг хэдэн залууг дагуулан эрэлд гарч Арвайхээр хүртэл  явсан  боловч сураг гаргаж чадсангүй. Тэр хоёр усанд хаясан чулуу шиг чимээ  тасарсан билээ. Аюурын хувь тавилан эмгэнэлтэй төгссөн юм.  Тавь гарсан   хойноо хэнхэг өвчин туслаа. Өдөр болгон нэг хонь алж зогсоо зайгүй идэж,   хоормог гүзээлнэ. Их гэрийнхээ хаяанд суугаад идэж байхад доогуур нь өмхий шингэн чацга цувж гэр дотроос гадагш нь татсан нарийхан шуудуугаар урсана. Их эхнэр нь тэр үнэр танар, ялаа батганаас хамраа таглан  зугтаж,  бага  гэртээ   бүгэх болов. Зуны халуунд хэт таргалсан түүний суга, цавь  нь  нурж хорсоод аахилан амьсгаадаж,

-Ёо, ёо... Үхэх юмсан. Хүүе, Лхам аа (их эхнэрийнх нь нэр) чи муу гичий миний буянд тийрч байна. Чамайг алчихаад л үхье гэж гуншин хашгирч байдаг болжээ. Хүн амьтан түүнээс цээрлэн гэрт нь орохоо байв. Хүний үр юм болохоор Загас гэдэг хачин нэртэй ганц хүү нь өглөөд хонь алж махыг нь чанаад түмпэнд овоолон дэргэд нь тавьж, хувинтай тараг, данхтай цай, ваартай архи бэлдэж өгнө.

Амьдралдаа дандаа эрдэж, жаргал цэнгэлийн дээдийг эдэлж явсан Аюур сүүлчийн энэ зовлонг тэсч дийлсэнгүй. Нэг өглөө хүү нь орж очиход хананаас уясан хуйваар   боож үхсэн байжээ.

Ирж буцаж байдаг хорвоо юм хойно. Аюурыг оршуулаад, түүнийг дурсан санах хүн цөөрөв. Гэтэл хоёр жилийн дараа бас нэг айхтар дуулиантай хэрэг гарав. Талийгаачийнх сумын төв дээр хоёр шавар байшинтай байв. Гурил будаа, торго дурдангаас авахуулаад хамаг эд баялгаа тэндээ хадгалдаг   байжээ. Тэр зун Загас жаал жуул юм авахаар нэг байшиндаа оржээ. Тэгтэл булангийн нэг авдар дээрээс өмхий хүрэн архиран үсэрч, энгэрээс нь зүүгдсэн байна. Загас бараг ухаан алдталаа айж, өмхий хүрэнгээ ч салгаж чадалгүй орилон гүйж гарчээ. Гадаа гарсан хойно өмхий хүрэн Загасын энгэрээс салж, махийтал хэд харайгаад байшиндаа орчихжээ. Тэр үеэр тэнд явж байсан хүн Загас дээр гүйж очиход, хөөрхий амьтан хувхай цайчихсан, саг саг чичирч байсан гэдэг юм.

Манай говь нутагт байдаггүй тэр өмхий хүрэн хаанаас ирж, тэдний байшинд үүрлэсэн юм бол? Загас байшингаа ч цоожилсонгүй тэр чигээр нь хаяад гэртээ харьжээ. Удсангүй зайлуул, ухаан солиорч тэнэж яваад талд хатаж үхсэн юм. Байшинг нь эзэгнэсэн өмхий хүрэн хэд хоног хүн ойртох тоолон архиран ийш тийш үсэрч дүүлж байдаг  байв. Бямбаа гэлэн энэ тухай сонсоод судар сөхөн,

-Аюурын сүнс юм. Эд юмандаа хоргодоод, өмхий хүрэнд хувилан төрж байшиндаа   ирсэн байна. Тонилгохгүй юм бол нутаг нугад маань их гай нүүрлэх нь гэжээ.   Сумын төвд суудаг холхоон Дамдин гэдэг нэг мангар хархүүд тэр өмхий хүрэнг   тонилгох үүрэг өгчээ. Дамдин Аюур агсны байшингийн дэлгээтэй хаалгаар арваад  удаа буудаж, өнөөх өмхий  хүрэнг тонилгосон билээ. Дараа нь Бямбаа гэлэн гурав  хоног хонх дамар хангинуулан, ном уншиж нутаг усанд ирэх гай барцдыг   зайлуулсан гэдэг юм. Харин Аюурын хөрөнгө зоорь юу ч үгүй үрэгдэж, хоёр     байшингааснь одоо овгор шороо л үлдэж дээ.

Харин мичин жилийн зуднаар уруудсан адууны эрэлд нутгийнхаа нэг хүнтэй явсан би Өмнөговийн нутагт нэгэн айлд буусан юмсан. Хэнийх байсан гэж санана, Дуламынх.

Пагма тэр хоёр биднийг таньж, нутгийн ах дүүс шиг хүндлэн дайлсан  билээ.   Аюурын амьдралын  төгсгөлийг тэдсонсоод,  

-Ээ, базарваань хум пад! Үлдсэн ганц үрийнхээ амь насыг ч авах нүгэлтэй амьтан байж дээ. Нүгэл нь нүдээрээ гарна гээч болсон хэрэг.

-Ээ бурхан багш минь... хэмээн залбирч байсан шүү... гэж нутгийн буурал  хуучилж  билээ.

Аюурын эрх дархтай, хатуу догшин мөртлөө гунигтай намтар манай нутагт одоо   бараг мартагдаж дээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top