Хөгжлийн банкны ихэнх зээлийг төрийн өмчит аж ахуйн нэгжид олгожээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: Жил бүр л мөнгөний бодлого орж ирээд батлагддаг. Энэ жилийн мөнгөний бодлого ч гэсэн гулсаад л батлагдах шатандаа орж байх шиг байна. Яригддаг үндсэн сэвдүүд байдаг. Валютын нөөц багаслаа, алдагдлаа. Инфляци зорилтод бүлгээс давлаа зэрэг баахан шүүмжлэл явдаг. Төсөв томроод байгаа. Бодлогын хүү нэмнэ гэдэг нь бизнесүүдэд мөнгө очихгүй. Ийм л чиглэлд явж байх шиг байна. Төр томорч байна, цаана нь төсөв томорч байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 50-55 их наядын хэмжээнд яригдаж байна. Ирэх жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний төсөөллийг 54-56 их наяд төгрөг гэж хийсэн. Ирэх жилийн төсөв 20 их наяд төгрөгөөр яригдаж байна. Улсын секторын хэмжээ нэмэгдээд байгаа л даа. Банкны сектороос улсын секторт олгодог зээл нь бага. Харин Хөгжлийн банкны ихэнх зээл төрийн өмчит аж ахуйн нэгжид олгосон. Хөгжлийн банк өнөөдөр муу зээлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдчихсон. Ялангуяа зээл төлүүлэх үйл ажиллагаа дээрээ анхаараад явж байна. Тиймээс ойрын хугацаанд Хөгжлийн банкнаас зээл гарахгүй гэх төсөөллийг хийгээд явж байна. 

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.АМАРСАЙХАН: Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байна. Өнөөдрийн байдлаар 18 хувь суларсан. Мөнгөний бодлого орж ирж байна. Энэ мөнгөний бодлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нарийн тооцоо судалгаатай, бэлтгэсэн орж ирж байна гэж үзэж байна. Гэхдээ цаашид яах вэ, гэдэг том асуулт байна. Агаараас юм ярьдагаа болимоор байна. Хэдий болтол ингэж явах юм. Тэр ипотекийн зээлийн асуудал байна. Зургаадугаар сарын байдлаар 110 мянган иргэнд зээл олгосон. Хүүг буулгах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Засгийн газраар оруулж шийдвэрлүүлнэ. Найман хувийн хүүтэй иргэдийн зээлийг зургуун хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоо гарсан. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ: Халамжаас хөдөлмөрт гээд байнга л яриад байна. Цаана нь ерөөсөө халамж байх ёсгүй юм шиг л яриад байна. Байх ёстой шүү дээ, хэрэгтэй хүндээ очиж байх ёстой. Сүүлдээ ярьсаар байгаад хүүхдийн мөнгө ч олгохгүй байх талаар ярих гээд байна шүү дээ. Хүүхдийн мөнгө бол зөв хөтөлбөр. Нэг зүйлийг заавал хоёр тийш нь савлуулаад байна л даа. Халамжаас хөдөлмөрт гэдэг зүйлээ хавтгайруулахгүй шиг болгомоор байна. Хөдөлмөр эрхлэлтээ дэмжээд явмаар байна. 

УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.95.153) 2022 оны 10 сарын 28

Энэ Төрд бодлогоо эрс өөрчлөх цаг болсон! Үнэхээрийн мэдлэг боловсрол нь ч дутагдаж бна! Бодит нөхцөл байдлаа ойлгож зөв дүгнэж чадахгүй бна! Хийж байгаа ажил нь улстөр эсвэл хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолтой байнга хамааралтай…

0  |  0
Top