Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.27/  үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад эхэлсэн. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Ц.Идэрбат, С.Чинзориг нараас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар тус тус танилцуулав.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа,  хөдөө орон нутагт төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон.

Мөн аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшууллыг олгож байгааг тодотгоод аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн зохицуулалтгүй өдийг хүрснийг онцлов.  

Их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0–950.0 мянган төгрөг,  эмчийн үндсэн цалин 850.0–950.0 мянган төгрөг байна. Харин их, дээд сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байгаа юм. Үүнээс үүдэн сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллах залуусын сонирхол багассан төдийгүй албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаагийн улмаас цаашид боловсон хүчний хомстолд орох бодит нөхцөл үүсээд байгааг төсөл санаачлагч танилцуулгадаа тодотгосон.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар сумын Засаг даргын Тамгын газарт 1338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэнийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсруулсан гэв.

Аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 төрийн захиргааны албан хаагч ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй нэг жил ажиллаж байгаа 297,  хоёр жил ажиллаж байгаа 206, гурван жил ажиллаж байгаа 232, дөрвөн жил ажиллаж байгаа 218, тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох бөгөөд 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд 5.0 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 1.0 тэрбум төгрөг шаардагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн  байна.

Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системд байршуулсныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг санал, дүгнэлтдээ тодотгоод Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 90.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнийг дурдлаа.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ш.Адьшаа, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ц.Туваан, С.Амарсайхан, С.Ганбаатар нар  асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан “Төрийн алба ажлын бүтээмж, хариуцлага, ур чадварт суурилсан цалингийн нэгдсэн системгүй, оновчтой зохицуулалтгүй, инфляцтай уялдуулж цалин, урамшууллаа нэмэгдүүлдэггүй. Тиймээс Төрийн албаны тухай хууль батлагдсанаас хойш цалин, тэтгэмжтэй холбоотой 30 удаа нэмэлт, өөрчлөлт орж байна. Иймд энэ бүхнийг цогцоор нь авч үзэж, суурь өөрчлөлтийг хийх шаардлагатай” гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид татвараа төлөөд гар дээрээ 390 мянган төгрөгийн цалин авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авч байгаа нь цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын нэмэгдлийн асуудлыг цогцоор нь авч үзэж, анхаарах шаардлагатайг харуулж байна” гэсэн байр суурьтай байлаа.

Түүнчлэн гишүүдийн зүгээс сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, сул орон тоог нөхөхийн тулд төрийн албаны ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулах асуудалд бодлогын арга хэмжээ авч буй эсэхийг илүүтэй тодруулж байв.

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарзориг, “Бид цаашид холбогдох хуульд төдийгүй дагалдан боловсруулах журамдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд сум, баг, тосгонд ажиллах төрийн албан хаагчдын шалгалтыг тусгай журмаар зохион байгуулахаар болсон. Өмнө нь сонгон шалгаруулалтыг таван төрлөөр, тус тусад нь журмаар зохицуулдаг байсныг нэг журамтай болгосон. Мөн сумдад ажиллах төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг ярилцлага авахаар болж өөрчилсөн” хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр хариултдаа, Улсын Их Хурал, Засгийн газраас энэ асуудлаар үе шаттай алхамуудыг хийж байгаагаа онцлоод Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон нутгийн нэмэгдэл, урамшуулал олгох, энэхүү нэмэлт оруулж буй хуулийн төсөл зэрэг асуудлуудыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй гэж байлаа.

Ингээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна. Тиймээс хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэн Улсын Их Хурлын гишүүний хувиар уг тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Хаалттай хувьцаат компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчидтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон гэдгийг Н.Алтанхуяг гишүүн танилцуулгадаа тодотгоод үйлдвэр барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хөрөнгө оруулагч компанийн хувьцааны 33 хүртэл хувийг тодорхой хугацаагаар эзэмших бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш долоогоос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид шилжүүлэн өгнө гэж байлаа.

Хөрөнгө оруулагчийн компанид эргүүлэн өгсөн 33 хувийн хувьцааг давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, мөн ноогдол ашгийг тогтоолд заасан зарчимд нийцүүлэн иргэдэд өгөөжтэй хэлбэрээр олгох, иргэдийн хамтын саналыг компанийн удирдлагын шийдвэрт тусгах боломжийг хангах зорилгоор иргэн бүр хувьцаа эзэмшигч биш хамтарсан сангийн хэлбэртэй Төрийн бус байгууллагаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ.

Мөн Орхон аймгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэхдээ  тус аймагт сүүлийн таван жил тасралтгүй оршин суусан, уг аймагт төрөөд таван нас хүрсэн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх зарчим барьсан гэдгийг тодотгоод иргэдэд ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилахгүй байх зарчмыг баримталсан гэв.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо уг асуудлыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр байсан ч Байнгын хорооны гишүүдийн олонх тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, төслийн зохицуулалтын хэрэгжих боломжийн талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар эрх зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу эрх зүйн дүгнэлт гаргаж 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлснийг дурдсан юм.

Мөн тэрбээр, уг дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах саналаа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн бол Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг саналыг хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд төсөл нь хуульд заасан компанийн удирдлагын эрх хэмжээнд халдсан агуулгатай байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмчлөх эрхтэй холбоотой заалтуудад нийцэхгүй байна. Тогтоолын төсөлд Орхон аймгийн иргэдэд хамтарсан сангаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хуваарилахтай холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хөндөж байх бөгөөд Төсвийн тухай болон бусад хуульд нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Компанийн тухай, Төсвийн тухай хуулиудад тухайн харилцааг хуулиар зохицуулахаар заасан байхад тогтоолоор зохицуулахаар төсөлд тусгасан нь хууль зүйн хүчин чадал, хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байна гэснийг тодотгов.

““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэдгийг Н.Наранбаатар гишүүн санал, дүгнэлтдээ дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар асуулт асууж, санал хэлсэн.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл улсын төсөв, эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үр ашигтай гэх овоолгуудыг олон нийтэд ил тод, нээлттэй тендер зарлаж, худалдах боломжийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас судалгаа хийж, арга хэмжээ авч буй эсэхийг тодруулав.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хариултдаа, “Эрдэнэт үйлдвэр”-т 10 овоолго байгаагаас исэлдсэн хүдрийн овоолго дөрөв, тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго зургаа бий. Исэлдсэн хүдрийн овоолго нь 52.4 сая тонн нөөцтэй. Харин тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго нь 222.2 сая тонн нөөцтэй гэж үзэж байгаа.  Бид” Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажилласан. 480 гаруй сая ам.долларын үнэ цэнэ бүхий зүйл байна гэсэн тооцоолол гарсан. Талууд овоолгоо үнэлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаа. Иймд овоолгоо худалдах нь зүйтэй гэдэг хувилбар яригдаж байна. Бид энэ асуудалд хоёроос гурван хувилбар боловсруулсан" гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцүүлгийн явцад байгалийн баялгийг орон нутаг, иргэдэд хэрхэн олгох, ямар хэлбэрээр хийх вэ гэдгийг олон талаас нь ярилцах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төслийн газрын баялгийг орон нутгийнханд хүртээх хэлбэрийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр, ард түмэндээ газар, байгалийн баялгийг тэгш хүртээх нь төрийн бодлого боловч, яаж хуваарилах вэ гэдэг нь чухал гэдгийг тодотгоод овоолгыг хэн нэгэн этгээд ашиглаж болно. Гэхдээ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татварын орлогоосоо тухайн аймаг орон нутагт түлхүү олгодог дэлхий нийтийн зөв чиг хандлага, хувилбараар явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд ““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.   

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус танилцуулав.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкыг байгуулсан. Энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байгааг дурдав.

Мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа нь ноцтой ашиг сонирхлын зөрчил гэдгийг тодотгоод энэ нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж байгааг онцоллоо.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзжээ.

Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авах, эсхүл төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах зэрэг асуудлыг хориглож, үүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн дагаж мөрдөх асуудлыг тодорхой зохицуулахаар төслийг боловсруулсан гэв.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь дэмжих боломжгүй гэж үзсэн  гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санал, дүгнэлтдээ дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэж үзсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.” гэж заасныг баримтлан “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцлов.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авснаар чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.174) 2022 оны 10 сарын 27

САЙН БАЙНА, ГАНЦ ЭЛБЭГДОРЖ ТҮҮНИЙ ГАР ХӨЛ ЗАРААЛ ӨЛӨН ЦАГААН ХУДИЙН ӨМЧ ШИГ ИДЭЖ БАЙЖ ТААРАХГҮЙ. НОРОВЫН АЛТАНХУЯГ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭЛБЭГДОРЖ ОО ЧИ ЭРДЭНЭТИЙГ БҮХЛЭЭР НЬ ИДЭЖ БАЙГАА БАЙЖ ЯДАЖ ШОРООГ НЬ ҮЛДЭЭГЭЭЧ, ШОРООГ НЬ ХҮРТЭЛ ДОЛООЧИХ ЮМ ГЭЖ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙСАН БАЙХАА

0  |  0
Top