Монгол нутгийнхаа хамгийн үзэсгэлэнт байгалийн зураглал, газар зүйн тогтоц байрлал, үзэж гэмээ нь хүний сэтгэл сэргэж, нас уртсам гоо жавхлан , гоёмсог дүр төрхийг энэ бичлэгээс та унших болно. Эх орноо танин мэдэх, хайрлан бахархах, хамгаалан дээдлэхэд танд болон үр хүүхдэд тань тус нэмэр болно хэмээн итгэж байна.
Хархираа, Түргэн, Хасагт хайрхан
Монголын уулчид анх 1959 онд Түргэний оргилд гарчээ. Увс нуур, Ачит нуурын хооронд улсын хилээс нааш Хар ус нуур, Ховд гол хүртэл үргэлжилдэг уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг бөгөөд ноёлох өндөр нь 4116 метр цагаан дуулгатай сүрлэг уулс юм.
Түргэний уулс нь хур цасаар хучигдмал шовх цагаан арав гаруй оргилтой тун ч сүрдэм баян хангай бүлгээ. 1966 онд Германы уулчидтай манай тамирчид эндхийн хамгийн өндөр оргилуудад гарч, хэмжилт хийсэн түүхтэй. Цагаан дэглий, Түргэн, Янгир толгой, Янгирын эвэр, Найрамдал зэрэг оргилууд нь 3920-4245 метр өндөр байжээ. Үүнээс үзвэл эндхийн уулс Алтайн цаст оргилууд дотроос тун дээгүүр орох өндөртэй, үүлэн дунд дүнхийн цайрч харагддаг холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд юмаа. Түргэний уулсаас чанх хойш Цахир, Халзан, Байрмын уулс нурууд үргэлжилсээр мөсөн гол, мөнх цаст үзэсгэлэн төгс Мөнгөн тайга, Мөнх хайрханд хүрнэ. Умар талаар нь Цагаан шувуут, Мэргэн, Их Дөш, Элгэн зэрэг уулс үргэлжилсээр Тагнын нурууны урд үзүүртэй залгадаг. Ер Түргэн, Хархираа орчимд мөсөн голын хурдсанд боогдож тогтсон нуур цөөрөм олон, догшин ширүүн урсгалт уулын гол элбэг, төрөл бүрийн бургас, шугуй, мод бут баялаг, ханын эрс мэт эгц цавчим асга хадтай, төрөл бүрийн араатан жигүүртэн шивээлэн үүрлэсэн, байгаль болон түүхийн дурсгал арвинтай, ашигт малтмал элбэг, байгалийн үзэмж жигдэрсэн сонин сайхан нутаг юм. Эдгээр уулсаас өмнө Бураат, Буурал, Ёл, Харгайт зэрэг хадат уулс цувран сүндэрлэсээр домогт Алтан хөхийн нуруу, Цогт, Халзан хайрхан залган авна. Алтан хөхий үзэсгэлэнгээрээ гойд бөгөөд шүлэг, дуунд мөнхөрсөн уран чамин, сүрлэг жавхлант хангай юм. Хар ус нуурын дунд Акбаш буюу Цагаан толгой нэрт арал бий. Түүнийг баруун өмнөөс нь харахад асар том хөлөг онгоц зогсож байх шиг сүртэй харагддаг.
Хар ус нуур зэгс шагшуурга ихтэй, ховордсон хотон шувууд зусдаг сайхан нуур. Ингээд уулсын их цуваа зүүн тийш үргэлжилсээр арван гурван Алтай, гучин гурван Хөхий дуусах боловч Хан Хөхийн нуруу улам алсран сунайсаар Хангайн нурууны салбар Булнайд хүрч ирнэ. Харин Говь-Алтай аймгийн нутаг дахь Хасагт хайрхан уул нь Монгол Алтайд орох бөгөөд цөл говийн дунд цэнхэрлэн сүндэрлэж, өртөө өртөө газраас хараа булаана. Хангай говь хосолсон энэ өвөрмөц уул эрдэс чулуу, ан амьтнаар туйлын баян. Гантигжсан шохойн чулуу, элсэн чулуу, гантиг, асмалжин, занар, боржин зэрэг олон галвын тунамал, бялхмал чулуулгаас бүрдсэн, ган тулгын тотго шиг, галын хөх дөл шиг ян улаан ёрвон хад цохио элбэгтэй Хасагт хайрхан аргаль, угалз, янгир, тэхийн өгөөж баян нутаг юм. Ирвэс, мануул, шилүүс, буга согоо, хойлог шувуу... элбэг.
Уулын бор шувуу хойлог цэнхэр асга шаргиулан явгалах нь шалмаг бөгөөд хурдан. Хясаа, тагийн бүс, царамд оршдог энэ шувууг дээр үеэс хамаа бусаар агнасан тул их л ховорджээ. Сонгино, шувууны хөл, гогод зэрэг амтлаг, эмийн чанартай ургамлаар хооллох учир мах нь ясны бэртэлт, элдэв шарх анагаах чанартай. Хасагт хайрхан нь Говь-Алтай аймгийн Тайшир, Баян-Уул, Жаргалан сумдын зааг нутагт оршдог 3582 метр өндөр уул нь тус аймгийн Сутай, Ажбогд, Эдрэн, Бурхан буудай, Таян, Тайшир, Сэрх зэрэг уулстай ч өндөр булаалдаж, Захуй, Зарман, Шарга, Бигэр, Цэнхэр Номингийн өргөн их говиуд, Тонхил, Ихэс, Алаг, Шаргын цагаан нууруудаа тольдон сүндэрлэдэг хангай говийн харуул болсон үлэмж сайхан нутаг юмаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )