Амьтны ертөнц: Дэлтэй хонгор салхи буюу хулангийн дууль

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Яруу найрагчид хуланг газрын тоост сум, дэлтэй хонгор салхи гэх зэргээр бахархан шүлэглэдэг. Надад ч хулангийн тухай шүлэг, нийтлэл бий. Омголон зоримог, хийморилог энэ амьтныг харсан хүний лундаа сэргэж, тоосонд нь орсон хүлэг хурдан болдог гэлцэнэ. Бяцхан дурсамж ярья. Тэр жил Өмнөговийн Баяндалайгаас урагш Хаяа гурван Бөгтийгөөр явж байхдаа сүрэг хулантай таарав. Ногоон толгодын бэлээс цагаан тоос татуулан дэргэн хатирах хулангийн хар голтой зоо нуруу нь гүрвэлзэн долгилоод, мундаан дээгүүрээ эргэн харах мэт жирэлзээд, цомбон туурайгаараа чулуун мөндөр нүүлгэн хатирах авай. Эртний буурал говийн үлгэрийн онгон хүлэг гэгч ийм байдаг уу гэмээр дэндүү гоёмсог, омголон амьтныг харсандаа хичнээн олзуурхан баярласан гээ. Дурсамжаа түр орхиод битүү туурайтны баг, адууны язгуурт багтагч зэрлэг адуу хулангийн тухай хүүрнэе. Толгой нь илжигтэй төсөөтэй шингэн босоо дэл, үзүүртээ хялгас бүхий нарийн шодон сүүл, урт чихээрээ тахиас ялгаатай энэ адуу Алтайн өвөр говь, Дундговь, Өмнөговь, Дорноговиор цөөн бүр бий. Ханбогд, Номгон, Хатанбулаг, Мандах, Гурван сайхан сум орчмоор их л элбэг тааралддаг байсан бол их хоморголлын уршгаар сүүлийн 20-иод жилд хулангийн тоо ховорджээ. Өмнөговийн Гашуун Сухайтын боомтын гуанзангууд хулангийн махаар туйлдаг газар. Үнэгүй махаар мөнгө олох гэсэн шуналтнуудын хэтэвчийг Монголын энэ дархан цаазат амьтан дүүргэж байна. Хонжоо хайсан ангуучид олширсон нь нууц биш. Тахиан бид дуусгасан гашуун түүх бий, тахиа олж авах гэж яаж үйлээ үзлээ дээ. Хулангийн хувь заяа хутганы ирэн дээр байгаа юм биш үү! Эргэж сайх дурсамжиндаа оръё. Их говийнхоо дэлтэй хонгор салхитай учирсанаас хойш хэдэн сарын дараа Даланзадгадын дэлгүүрт хулангийн мах зарж барагдахгүй болохоор нь хот руу ачуулсан гэдэг. Энэ бол 1978 оны хавар юм даа. Аймгийн удирдлагын захирамжаар хэдэн анчид томилон хурц зэвсэг, хурдан унааны ид шидээр 200-гаад хулан егүүтгэсэн гашуун түүхийн эзэд одоо ч мартагдаагүй. Бэлчээрийг талхалж сүйтгэдэг гэж ад үздэг юм билээ. Тэр хэдхэн хулан өргөн их нутгийг хичнээн элээх вэ дээ. Хужаа нарын хүнд даацтай олон зуун машинаар газар шороогоо дээрэмдүүлчихээд мөнгөний төлөө амаа үдүүлчихсэн эрхмүүд юу боддог улсууд вэ? Хулан нь таана, багалуур, бударгана, хармаг, тэсэг, шавгаар хооллодог, булаг шанд, задгай ус бараадаж амьдардаг. Гүү нь хээлээ 11 сар тээгээд 5-7 сард ганц унага гаргана. Цөөрч ховордсон, үржил удаантай тул энэ амьтанд устах аюул нүүрлээд байх шиг санагдана. Цагт 60-70 км хурдтай, 10 гаруй км газар хулжин давхидаг соргог сэргэг сайхан амьтан бол хулан юм. "Улаан ном"-ныхоо энэ амьтны улаан голыг тасалчихгүй юмсан. Говийн цангаа гаргаж, усыг үнэрээр нь мэдрээд, уран цомбон туурайгаараа цавчилж татаал ус гарган, зээр гөрөөс, тэмээ малд ус нээж өгдгөөрөө энэ зэрлэг адуу бас ачтай тустай амьтан. Хулан агнасан хүний толгой дээр нүгэл ирдэг гэдэг ортой шүү! Гэгээн төр минь бодлого явуулж, гэмтэн ангууч та болзошгүй цээрлэлээс болгоомжлон, хурдан унаа, хурц зэвсгээсээ татгалзана уу.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top