УИХ-ын өнөөдрийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал гаргасан гишүүд үг хэллээ.
Тухайлбал, Ш.Адьшаа гишүүн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хойшлуулах, татаж авах горимын саналыг оруулав.
Тэрээр "Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн ашигт малтмалын тухай хуулийн заалтыг оруулж ирлээ. Энд ямар заалт байна вэ гэхээр тухайн орон нутагт уул уурхайн орборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив тусламж авах ийм заалт оруулж ирсэн. Нөгөө талаасаа тэнд ажилладаг гадаад, дотоодын компаниудын квотын асуудлыг оруулж ирсэн байна. Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү.
Бид өнөөдөр Оюу толгойн ажлын хэсэг гэж ажиллаж байхад Оюу толгой компаниас Өмнөговь аймагт жил бүр 5 сая ам.долларын хандив тусламж олгож ирсэн. Гэтэл энэ хандив тусламжаа "Монгол Улсын өр" гэж бичиж байршуулсан байгаа.
Бид 10 жилийн хугацаанд өнөөдөр 50 сая ам.долларын өртэй болчихсон байгаа. Гэтэл өнөөдөр энэ асуудлаар далимдуулж, орон нутагт хуулийг завхруулдаг, лиценз нэрээр эзэмшсэн ийм хууль бус ажиллагаа орон нутгийн удирдлагатай хамтарч хийх асуудал газар авч байна.
Тухайлбал, Ховд аймгийн Мянгат сум дахь Халзанбүргэдэйн орд гэдэг асуудал өнөөдөр ховдчууд, монголчуудын тухайд олон асуудал дагуулсан нөхцөл байдал үүслээ. Энэ "Монголын зэс эрдэнийн корпораци" гэж Эрдэнэтийн 49 хувийг авч байсан Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу очиж, Ховд аймгийн Мянгат сум, Хар ус нуурын ай сав газрын ховор элемент нэрээр уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан Монгол Улсын иргэн аюулгүй, байгал орчныхоо сөрөг нөлөөллийн тухай мэдэх эрхийнхээ тухай асуудал тавихад хууль хүчний байгууллагаар далайлгаж, нутгийн ард иргэдийг цагдаа, хүчний байгууллагаар шалгуулдаг, дарамталдаг, аливаа асуудлыг хүчээр түрэхийг оролддог үйл ажиллагаа газар авсныг Ховд аймгийн олон иргэн надад илүүлж байна.
Үүнийг хууль тогтоох дээд байгууллага УИХ анхааралдаа авч, төсвийн хуулийг хэлэлцэхээр далимдуулж оруулж ирсэн олон цоорхойтой хуулиа Засгийн газар татаж ав аа.
Салбарын сайдад нь танилцуулаагүй асуудлыг өнөөдөр оруулж ирээд, тухайн орон нутагт хандив тусламж өгнө гэж хуулиар баталгаажуулдаг. Энэ нь тухайн орон нутгийн ард иргэдэд биш, орон нутагт эрх барьж байгаа сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга мэтийн хүмүүс сургууль, эмнэлэг нэрээр авч иддэг бусармаг тогтолцоог төрийн хуулиар баталгаажуулахыг бид зөвшөөрч болохгүй.
Үүнд Засгийн газар дүгнэлт хийж, энэ хуулийн төслийг хэлэлцүүлгээс татаж авах, хойшлуулах саналыг оруулж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )