УИХ-ын өнгөрсөн баасан /2022.11.04/ гарагийн нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Хөгжлийн банк нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний урт хугацаат эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын буюу Чингис бондын эх үүсвэр, үлдсэн 2.0 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банк өөрөө татан төвлөрүүлсэн. Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн уг 3.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийн 3.0 тэрбум ам.долларыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан бол 0.5 тэрбум ам.доллароор өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилт хийсэн" гэв.
Хөгжлийн банк нь дээрх татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэр болон өөрийн хөрөнгийг ашиглан нийт 3.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон бөгөөд үүнээс 1.4 тэрбум ам.доллар буюу 40.8 хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд санхүүжилтээр, 0.5 тэрбум ам.доллар буюу 15.1 хувийг дамжуулан санхүүжилтийн хэлбэрээр, үлдсэн 1.5 тэрбум ам.доллар буюу 44.0 хувийг улсын төсвийн шинжтэй буюу өндөр хүүтэй валютын эх үүсвэрээр санхүүжүүлж болохгүй төслүүдэд олгосон үндсэн гурван хэлбэрээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна. Үүнээс 2011-2016 онд буюу анхны хуулийн хэрэгжилтийн хугацаанд нийт 2.5 тэрбум ам.доллар буюу 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгосон бол, 2017-2022 онд 1.0 тэрбум ам.доллар буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ дурдсан.
Тэрбээр, 2016 оны эцэст Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 6 их наяд төгрөгт хүрч өссөн ба үүний 50-иас дээш хувийг буюу тухайн үеийн ханшаар 3.1 их наяд төгрөгийн багц улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогдсон байсан нь тус банкийг байгуулсан үндсэн зорилгоос нь хазайлгаж төсвийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болгон хувиргажээ.
Улмаар УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 53 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухай бүр Засгийн газрын тогтоолын хүрээнд, зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс эргэн төлөх гэрээний үүрэг хүлээсэн 348 төсөл арга, хэмжээний 3.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцыг улсын төсөвт шилжүүлэх арга хэмжээг авсан гэж байлаа.
2017 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны хоёрдугаар сард баталсан бөгөөд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгаар банкны зээл олгох үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас шууд оролцдогийг зогсоосныг Сангийн сайд мэдээлэлдээ дурдаад хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд Монголбанкнаас санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, актив ангилах, эрсдэлийн сан байгуулах тухай журмыг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталж, Монголбанк тус банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах болсныг тодотгов.
Сангийн сайд мэдээлэлдээ, Монголбанкны 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн актыг 2021 оны 12 дугаар сарын 21-нд албажуулсан. Нийт чанаргүй болсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолтойгоор олгосон зээлүүд эзэлж байна.
Ингэснээр хамгийн багадаа 10 хувь болон түүнээс дээш хувь байх ёстой санхүүгийн байгууллагын амин үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0 утга руу ойртож 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын эрмэгт хүрснийг илтгэнэ гэдгийг онцолсон.
Мөн Хөгжлийн банк 2023 оны 10 болон 12 дугаар саруудад олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2018 онд дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан 500.0 сая ам. долларын евро бонд, Япон улсын зах зээлд 2013 онд хаалттай арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондын эх үүсвэр буюу өнөөдрийн ханшаар ирэх онд нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэх хуваарьтай гэж байлаа.
2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.доллар евро бонд гаргасан ба тус бондоор ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж дахин санхүүжилт хийсэн. Үүний үр дүнд, Засгийн газрын баталгаатай өр төлбөрийн дүнг бууруулж, өр төлбөрийн жигнэсэн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан, хүүгийн зардлыг бууруулж, хөвөгч хүүг тогтмол болгож чадсан. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны үлдэгдэл нийт 2.6 их наяд төгрөг байгааг Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны асуудлыг анхаарлын төвөөс гаргалгүй, тус банкны үйл ажиллагааны талаар Засгийн хуралдаанаар тогтмол мэдээлэл авч, үүрэг, чиглэл өгч ажиллаж байгааг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдаад энэ оны нэгдүгээр сараас эхлэн чанаргүй зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг эрс эрчимжүүлж, асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгосон гэв.
Сэтгэгдэл ( 0 )