Үндсэн хуулийг хэлэлцсэн АИХ-ын тэмдэглэлийг ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ болголоо

2022 оны 11 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.11/-ийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцсэн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг, УИХ-ын архивт байгаа бүрэн эхээр нь өнөөдрөөс ард нийтэд албан ёсоор нээлттэй болгож байгааг мэдээллээ.


Тэрээр "Өнөөдөр Монгол Улсын парламентийн түүхийн онцгой тэмдэглэлт өдөр юм.

Өнөөдрөөс 31 жилийн  тэртээ 1992 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурал /АИХ/-ын 12 удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган нээгдэж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Энэ өдрийн хуралдааныг АИХ-ын дарга Жамбын Гомбожав даргалж, оролцвол зохих 427 депутатаас 420 нь хүрэлцэн ирж, 98.2 хувийн ирцтэйгээр эхэлж байжээ.

Хуралдаанаар зарим депутатын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, заримынх нь бүрэн эрхийг дуусгавар болгох, АИХ-ын дарга, орлогч дарга нарыг шинээр сонгосон.

АИХ-ын хуралдааны дэгийг тогтоох зэрэг асуудлыг өглөөний 09:00 цагаас оройны 19:48 цаг хүртэл хэлэлцсэн байдаг.

Өдрийн 11:45 минутанд Улсын бага хурал /УБХ/-аас боловсруулсан “ИХ ЦААЗ” Үндсэн хуулийн төсөл болон хавсралт хуулийн төслийг УБХ-ын дарга бөгөөд БНМАУ-ын дэд ерөнхийлөгч Раднаасүмбэрэлийн Гончигдорж АИХ-ын шинээр сонгогдсон дарга Жамбалдоржийн Уртнасанд өргөн барьсан байна.

Өнөөдөр бол шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэлсэн өдөр байх нь. Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийг АИХ-аар хэлэлцэж эхэлсэн.

Энэхүү ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг хэлэлцсэн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын архивт байгаа бүрэн эхээр нь өнөөдрөөс ард нийтэд албан ёсоор нээлттэй болгож байна.

Үүгээр ном болгон хэвлэж гаргасан боловч утга агуулгын алдаатай, техникийн алдаа их байгаа гэж үзээд жинхэнэ эхээр нь эрдэмтэн судлаачдын анхааралд оруулахын тулд дижитал ихийг ард олон нийт, эрдэмтэн судлаачдын анхааралд толилуулан нээлттэй болгож байна.

Энэхүү эхийг УИХ-ын parliament.mn цахим хуудасны “ҮНДСЭН ХУУЛЬ” цэсээс орж үзэж болно.

Өнөөдрийн хувьд 1992 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэл 194 хуудас материал цахимаараа parliament.mn цахим хуудаст орсон байна.

Өнөөдрөөс эхлэн тус бүр нь 200 орчим хуудастай 49 боть хуралдааны тэмдэглэлийг үе шаттай оруулж, 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу Үндсэн хуулийн өдөр гэхэд бүрэн оруулж дуусгахаар Тамгын газар ажиллаж байна.

Гол зорилго нь Үндсэн хуулийн үг үсэг, үзэл баримтлал ямар байсан бэ, тэр үеий АИХ-ын депутатууд ардчилсан тогтолцооны үндэс суурь болсон үндсэн хуулийн бүтээхийн төлөө ямар чин сэтгэл, тууштай зүтгэл эрхэмлэж байсныг эндээс харж болно. Мөн түүхчилсэн тайлбарыг харж болно. Үндсэн хуульд ямар утга агуулгатайгаар орсон бэ гэдэг нээлттэй болж байна. Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа дүгнэж, цэгнэх боломж бидэнд олдоно. Үндсэн хууль бүтсэн түүхийг монголын ард түмэн, иргэн бүр мэдэж байх нь өнөөгийн болон ирээдүйд илүү үн цэнтэй гэж бодож байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБХ(202.9.46.62) 2022 оны 11 сарын 13

1991 оны 11сарын 11 шүү дээ

0  |  0
Top