УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Дэгийн тухай хуулийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нөхцөл байдлын талаар танилцуулга, мэдээлэл өгч, Холбоо, сангийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлгэх хүсэлт тавилаа.
Тэрээр "Энэ оны наймдугаар сард Малайзын Куала-Лумпур хотод Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг Ази, Номхон далайн бүсэд хамгаалсан.
Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэдэг маш сайн үнэлгээг авсан. Харин ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн зохицуулалт, тогтолцоог тодорхой болго гэдэг шаардлагыг хараахан хангаж чадаагүй байна.
Гишүүд үүнд анхаарал хандуулаасай. Манай улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв бид өргөтгөсөн хяналтаас гарч, ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол ирэх 2023 оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ ФАТФ-т тавих ёстой.
Бид хүсэлтээ тавиад төрийн бус байгууллага, холбоо, сангийнхаа эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгоод, үүнийгээ шалгуулаад ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлсэн гэж хамгаалж чадвал манай улс ердийн ангилалд орохоор байгаа.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт хандаж энэ тав дахь өдрийн /2022.11.18/ хэлэлцэх асуудлын дараалалд Холбоо, сангийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч ээ гэдэг хүсэлтийг тавьж байна.
Өөрөөр хэлбэл Ази, Номхон далайн бүс ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгосныхоо дараа тухайн улс зэрэглэл ахиулах хүсэлтээ тавих гээд байгаа юм. Цаг хугацааны хувьд ирэх оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө Үндэсний зөвлөл хуралдаж, хүсэлтээ тавих учиртай" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )