Д.Ганбат: 2022 оны төсөв бол биелэгдээгүй, салан баавгайн үлгэр шиг л байна

2022 оны 11 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.18/ хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын дарга Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр санал байгаа эсэхийг асуухад Д.Ганбат үг хэллээ.


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ "Энэ УИХ маань юу ч болчихсон юм бэ дээ, за тэр яах вэ. Ингээд Улсын төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлээ батлах гэж байх шиг байна. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавиач ээ гэдэг асуудлыг тавьсан. Ажлын тав хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ? Ажлын тав хоног нь дууссан уу, дуусаагүй юу. Үүнийг тодруулмаар байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Хуулийн төслүүдийн эцсийн найруулга дээр тав хоног уншилт хийсэн. Үүний дараа гурав хоногийн дараа ёсчлох ёстой. Ёсчлоод Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Түүнээс хойш Ерөнхийлөгч ажлын тав хоногийн хугацаанд хориг тавих эсэх шийдвэр гаргана. Ийм л дэгтэй байна"

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ "За, за. Тэр хууль ном, дэгийнхээ дагуу явж чадах байгаа юу. Бичиг цаас, төсвийнхөө асуудлыг сайн нягт үзээрэй. Ер нь энэ төсөв чинь 2023 онд биелнэ гэдэгт итгэхгүй байна шүү. 2022 оны төсөв бол биелэгдээгүй. Тэр талаар ярьж байгаа хүн ерөөсөө алга. Салан баавгайн үлгэр шиг л байна. Өмнө нь ярьсан юмаа хаяад явчихдаг. Урагшаа, цаашаа явна гээд л явж байдаг. Биелэгдэж байгаа юм алга. Ард түмний амьдрал дээр сайжирч байгаа ч юм алга. Өдөр хоног өнгөрөөсөн энэ маягаараа яваад байвал энэ хуулийг баталж, хэлэлцэх шаардлага юу байдаг юм бэ. 2022 онд 36 сая тонн нүүрс авна гэсэн хаана байна, байхгүй ш дээ. Барилга байшин боссон зүйл алга, хүмүүсийн цалин өссөнгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Өнөөдөр гэхэд долларын ханш 1, 2 төгрөгөөр өссөн байна. Энэ чинь Чингис хаанд өглөө бүр урд Тангад улс байна гэж сануулж байгаатай адил бидний ажил болохгүй байна гэдгийг хэлээд байна. Үүнд Төрийн эрх барих дээд байгууллага УИХ дүгнэлт хиймээр байгаа юм" гэв.

Үг хэлсний дараа УИХ-ын дарга хуультай холбоотой эцсийн найруулгын санал биш байна хэмээн алх зохиж дараагийн хэлэлцэх асуудалд орлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top