Тендер шалгаруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2022 оны 11 сарын 21

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2022.11.21) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу хоёр хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 онд баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх хуульчлан зохицуулсан байдаг. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 онд шинэчлэн найруулж баталснаар төсвийн хүрээнд хийгдэх худалдан авах ажиллагааг захиалагч бие даан зохион байгуулж, гүйцэтгэлийн хяналт хариуцлагыг бүрэн хүлээх төвлөрсөн бус тогтолцоонд шилжсэн байна. Уг хуулийг баталснаас хойш бусад хуулийн шинэчлэлтэй холбогдсон зохицуулалтыг тусгах зорилгоор нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүний оролцоог бууруулах, нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт явуулах, хариуцлагын тогтолцоог шинэчлэх гэсэн үндсэн дөрвөн зарчмыг баримталсан байна.

Хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхойлж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч болох Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээг шинэчилж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, уялдааг хангахад анхаарсан байна.

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020, 2021 онд 99 хувийг цахим тендер шалгаруулалтаар зохион байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн судалгаанаас үзвэл 955 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийн 94.5 хувь нь цахим системээр тендер шалгаруулалтын мэдээлэл, урилгатай танилцдаг бол 78.1 хувь нь нэн тэргүүнд цахим системээс тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг хүлээн авдаг байна. Мөн худалдан авах ажиллагааны цахим системээр зарласан тендер шалгаруулалтад 2020 онд 7093 тендерт оролцогчоос 54.051, 2021 онд 6511 тендерт оролцогчоос 46.489, 2022 онд 4352 тендерт оролцогчоос 28.869 тендер ирүүлсэн бөгөөд мөн онуудад шалгарсан тендерт оролцогчийн илгээсэн тендерийн хуулиар нууцад хамаарахгүй 92.912 (давхардсан тоогоор) цахим материалтай бусад тендерт оролцогчид танилцсан байна.

Иймээс хуулийн төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системтэй холбож, хүний оролцоогүйгээр лавлагаа, тодорхойлолт авах, үнэлэх зэргээр мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан байна. Мөн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөх үе шатаас гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг удирдах мэдээллийн нэгдсэн эх үүсвэрийг худалдан авах ажиллагааны цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгохоор зохицуулсан.

Түүнчлэн тендерт оролцогчоос өөрийн тендерийг нууцлан ирүүлэх боломжтой тендерийн материалын хязгаарыг тусгахын зэрэгцээ шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг ил тод болгохоос татгалзах тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хуулийн төсөлд тусгасан байна.

Худалдан авах ажиллагааны бүх үе шатад тоон гарын үсгийг хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлж, тендер шалгаруулалтад оролцогч талууд цахимаар мэдээлэл солилцох, харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Хуулийн төсөлд өмчийн хяналт, шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн харилцааны журмыг шинэчлэх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.

2. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Зөвшөөрлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар даалгасан.

Энэ хүрээнд Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 89 хуулийн төсөл, нэг Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

Тодруулбал, хуульд заасан зөвшөөрлийн жагсаалтаас нэг тусгай зөвшөөрөл (цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох), 3 энгийн зөвшөөрөл (гадаадын төрийн өмчит хуулийн этгээд уул уурхай, эсхүл банк, санхүү, эсхүл хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх; хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах, эрх бүхий байгууллагад худалдах; давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх)-ийг хасаж, 2 тусгай зөвшөөрөл (тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох; хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх)-ийг энгийн зөвшөөрлийн ангилалд шилжүүлэн өөрчилж, цахим шилжилтийн эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан "кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх” болон “радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах" үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхлэхээр тус тус зохицуулахаар төсөлд тусгажээ.

Мөн зөвшөөрлийн зорилго, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан тавигдах нөхцөл, шаардлагыг стандартчилж, заавал мөрдүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд заасан 53 тусгай зөвшөөрөл, 6 энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан батлахаар тусгасан байна. Зөвшөөрөл олгох, сунгахтай холбогдуулан хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд төлсөн хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг арилгасан. Салбарын хуульд заасан зөвшөөрлийн төрөл, ангиллыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэхээс гадна зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг үйл ажиллагааны онцлог нэрийдлээр хэт ерөнхий, эсхүл оновчгүй байдлаар тогтоосныг өөрчлөх зохицуулалтыг оруулжээ.

Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журмыг тухайлсан хуулиудад нарийвчлан тусгасан байна. Нөгөө талаар Зөвшөөрлийн тухай хуульд заасан жагсаалтад тусгагдаагүй боловч тухайлсан хуульд заасан зөвшөөрлийг, мөн зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох өөрчлөлтийг холбогдох хуулийн төсөлд тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top