Эзэн Чингис аугаа бүтээн байгуулагч хаан байжээ

2022 оны 11 сарын 27

Хаадын хаан, аугаа суут Эзэн Богд Чингис Хүннү гүрний үеэс улсын нийслэлийн бүс нутаг болсон Хархорумыг нийт их улсын тулгуур төв болгох бодлого явуулан бүтээн босголтыг өрнүүлжээ.

Социалист нийгмийн үед Чингис хааныг зөвхөн байлдан дагуулагч, эвдэн сөнөөгч мэтээр үзэж, гавьяа зүтгэлийг нуун дарагдуулж ирсний уршгаар их хааны энэхүү эерэг талын судалгаа үнэн хэрэгтээ бүрхэг байсаар бараг ХХ зуун шувтарч XXI зуунтай золгосон гэж үзэх үндэстэй.

1235 он хүртэл Хархорум хот байгаагүй гэх хэвшмэл ойлголт түүх бичлэгт өнөө болтол байсаар байна. Хамгийн сүүлд 2019, 2021 онд Хархорум судлалын эрдэмтэн нөхөд маань бичихдээ “Хэрэв Чингис хаан үнэхээр Хархорумд Эзэнт улсынхаа нийслэлийг байгуулах зарлиг буулгасан нь үнэн ахул...”  хэмээн үл итгэх байдлаар ханджээ. Мөн хотыг Чингис хаан үндэслэсэн тухай 1346 оны Хархорумын бичээсийг үгүйсгэж  “Магадгүй хотыг байгуулсан газрыг их хаантай хожим холбож, Эзэнт гүрний хэмжээнд ач холбогдлыг нь онцгойлон тодотгох зорилгоор түүнийг үндэслэн байгуулсан гэдэг домгийг зохиосон ч байж мэднэ”  хэмээн бичсэн байна.

Энэ мэт анхаарал татахгүй байхын аргагүй санал, дүгнэлтүүд нь Хархорум хот Чингис хаантай холбоогүй юм шиг, эсхүл 1235 оноос л Хархорумын түүх эхэлсэн юм шиг ойлголтод хөтлөх эрсдэлтэй юм.

XII-XIII зууны зааг үед Хархорум гэдэг хот бодитой оршиж байсныг илтгэгч докторын зэрэг горилсон диссертацидаа 2005 онд өгүүлээд, холбогдох саналаа дэвшүүлэн тавьсан билээ. Энэ талаар Франц орноос 1253-1254 онд Хархорум хотод ирж, Мөнх хаанд бараалхаж байсан Гийом де Рубрукийн аяны тэмдэглэл чухал мэдээ өгдөг. Тэр бичихдээ:

“Унк хан  (Хэрэйдийн Ван хан Тоорил. Д.Х.)...Крит ба Меркит хэмээгч нестор мөргөлт нэгэн аймгийг захирч Каракорум нэртэй бяцхан хотыг эзэгнэн суудаг байжээ” хэмээн шууд зааж бичсэн байна. Тэрээр цааш нь “...Каракорум нутгийн эргэн тойронд тэд анхны ялалтаа үзсэн тул тус хотыг хааных болгон, хавь орчинд нь эзэн хаанаа сонгодог байна”  гэснийг бид анхаарах хэрэгтэй.

Чингис хаан өөрийн ар талыг хамгийн хайртай дүү Тэмүгэ Отчигин ноёнд хариуцуулан үлдээгээд аян дайн удирдаж явахдаа Дундад Азийн шилдэг уран дархчууд, уран барилгачид, инженер уран зураачид, авьяас чадвар төгс мэргэжилтнүүдийг цаазлан хороохыг чандлан хориглож, тэднийг цуглуулан олноор нь Дорно зүг илгээж байжээ. А.Жувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” (Tarix-e jahan gusha-yi =Тарих-и-жахан гушай) бүтээлд “Монголчууд Хорезмыг байлдан эзэлж дуусгаад олзлогдогсдыг хөөн гаргаж...гар урчуудыг ялган хуваагаад Дорнын орнууд руу илгээсэн”  хэмээн тэмдэглэсэн байна.

Мөн өөр нэг үнэт сурвалж болох Рашид ад-Дин нарын туурвисан “Судрын чуулган”- (Jami’ alt-tawarix”/“Jami’u’t-tawarikh=Джами-ат таварих)-ы мэдээгээр:

“Бүх хүн амыг хотын заахад туун гаргаад, 100 орчим мянган гар урчуудыг ялган авч, Дорнодын орнуудад явуулжээ”.

Хэдийгээр их эзэн хааны эзгүйд зарлиг ёсоор Хархорум хотыг өргөн байгуулах үйл хэрэг чухам ямар янзтай өрнөсөнийг нягтлах мэдээ, баримт хомс боловч тэрхүү бүтээн байгуулалтыг газар дээр нь удирдан зохион байгуулагч нь монгол нутагтаа үлдэж, төрийн хэрэг барьж байсан Чингис хааны төрсөн дүү Тэмүгэ Отчигин (1268-1246) тэргүүтэй монгол ноёд байсан ажээ.

Ийнхүү дэвшүүлж буй санал, дүгнэлтээ миний бие сурвалж бичгийн дараах тодорхой мэдээ баримтад түшиглэж байгаа юм. Үүнд:

Рашид ад-Дины “Судрын чуулган” сурвалжид:

“Чингис хаан бүх дүү нарынхаа дотроос түүнийг илүүтэй дотночилж байв...Чингис хаан Тазик орон руу дайлаар аялахдаа түүгээр ордныхон ба цэргийн хэргийг толгойлуулан үлдээгээд явсан”. Бүх монголчуудын дотроос Оточи ноён бол барилга байгууламж бариулах ихээхэн дуртайгаараа гойд хүн байв. Тэрээр хаана ч очсон тэндээ орд харш, асар бариулдаг ба цэцэрлэг хүрээлэн байгуулдаг байв”  гэжээ.

Түүнээс гадна Цагадай хэлний “Шибани наме буюу Шибан ханы түүх” хэмээх сурвалж бичигт:

“Отчи ноён их өгөөмөр, нөхөрсөг, очсон газар бүртээ нэг цэцэрлэгт хүрээлэн болон цэцэрлэгт ордон байгуулдаг байжээ”  гэсэн нэн чухал мэдээг өгүүлсэн байна.

Эдгээр нь Чингис хаан хөвгүүд, их жанжидаа дагуулан Дундад Азид аян дайн удирдан явж эзгүй байх цаг үед буюу 1218-1225 оны хоорондох долоон жилийн урт хугацаад язгуур монголын цөм Хархорум төвт их улсыг өөрийн төрсөн дүү нар, түүний дотор Тэмүгэ Отчигин ноёнд итгэмжлэн захируулсныг нотолж байна. Эндээс үүдэж Тэмүгэ Отчигин ноён Хархорум хотын бүтээн байгуулалтын үйл хэргийг удирдсан гэж үзэх үндэстэй.

Үүний сацуу хүчирхэг Хорезмтой дайтахын өмнө Хархорум, Чингай балгасун зэрэг хот суурингуудад цэргийн хүнс, зэр зэвсэг, тоног хэрэгсэл зэрэг цэрэг дайны зориулалттай үйлдвэрлэл явуулж байсан нь ойлгомжтой агаад Дундад Азийн коридор дагуу цэргийн хангамж, хангалт, үйлдвэрлэлийн хэд хэдэн түшиц газар байгуулах шаардлагатай уялдсан цогц бодлого, зохих арга хэмжээ авсан ажээ.

Харин Япон улсын эрдэмтэн, бидний эрхэмлэн хүндэлдэг Мацуда Койчи абугайн “Каракорумыг улсын нийслэл болгох зарлиг ч мөн нэгэн адил Чингай балгасыг байгуулах тухай зарлигтай нийтлэг зорилготой байсан байж болох юм. Каракорумыг улсын нийслэл болгох зарлиг гэдэг нь Каракорумд ямар нэгэн хэрэм цайз босгож, тухайн үед хэрэгжиж эхлээд байсан Хорезмын дайнаар олзлон авах олзны хүмүүс, өөрөөр хэлбэл инженерийн мэдлэгтэй хүмүүсийг тэнд суулган гар урлалын үйлдвэрлэлийн түшиц газар болгон хөгжүүлэхээр төлөвлөж байсан байж болох юм” гэсэн санааг хараахан тийм бус хэмээн үзэж байгаагаа ташрамд сонсордуулъя. Харин Каракорум нь Чингай балгас, цэргийн тариаланг байгуулсантай нэгэн адил, тэндээс аль нэг тийш гадаад руу аян дайнд мордоход түшиц газар байх хэмжээний газар зүйн байршлын давуу талтай...Чингис хаан өөрөө Каракорумын орчмоос дайнд мордсон уу, үгүй юу гэдгийг нотлох боломжгүй ч Тулуйн хувьд Каракорумаас Хар уст цайз (Эжина)-ыг чиглэн мордсон нь гарцаагүй” гэсэнд тал өгч болно.

Археологийн малтлага судалгааны явцад ч Хархорум хотын он цаг урагшлах зарим сэжүүр илэрч буйг Монгол-Германы хамтарсан малтлага судалгааны дүнгээс мэдэж болох бөгөөд хотын зарим дурсгалын он цаг XII зууны дунд үед буюу 1162 он, 1223 онд холбогдсоныг ч тэмдэглэх хэрэгтэй. “Хархорумын хойд дүүрэгт орших дөрвөн барилга бүхий цогцолбор дурсгал (ор туурь.Д.Х.)-ыг тусгайлан” шинжлэн “дурсгалын он цагийг С14-ийн шинжилгээгээр нарийвчлан тодруулахад XIII зуун буюу НТ 1162-1254, НТ 1223-1274, НТ 1262-1287 оны үед холбогдож байна” .

Эдгээрээс гадна Хархорумыг 1220 онд Чингис хаан улсын нийслэл болгосон гэдэг мэдээ баримт 1347 оны “Зарлигаар байгуулсан Юань улсыг мандуулах асрын бичээс”-ийн хятад эхэд тусгалаа олсон гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Түүнд:

“Тай-цзу Шэнвү хаан (Chinggis Qan) ширээнд заларсан 15 дугаар он буюу keng-ch’en жил (1220 он. Д.Х.) тэр Холин (Хорум /Qorum/=Хархорум)-д нийслэл хотыг үүсгэн байгуулав (established the capital)” гэсэн байна.

Мөн 1347 оны гэрэлт хөшөөний бичээст “Činggis qan yeke or-a saγuγsan arban tabuduγar on ging luu jil-dur Qorum-a saγuγu balaγsun orosiγuluγsun ajuγu“ хэмээн маш тодорхой тэмдэглэсэн байдаг билээ. Түүхэн тулгар сурвалж бичгүүдийн дээрх сонгодог мэдээ баримтууд нь Чингис хаан 1220 онд Хархорум хотыг “суух балгасун” буюу нийслэл болгосон гэдгийг ямар ч хоёрдмол утгагүйгээр зааж нотлох баттай үндэслэл мөн гэж үзэж болно.

Энэ бүхнээс гадна өөр сурвалж бичгүүд, тухайлбал “Юань улсын судар”-т “Тайцзу (Чингис хаан. Д.Х.)-гийн 15-р он (1220)-д голын хойт олон жүнийг тогтоогоод энд нийслэлэв” гэжээ.  Түүнчлэн “И-Юй бичиг” хэмээх Монголын түүхийн тухай Хятад сурвалжид: “Юань улсын Тайцзу хаан анх энд нийслэл хот байгуулж, түүнээс хойш таван үе уламжлав” хэмээн Чингис хаан нийслэл Хархорум хотыг байгуулсныг гэрчилжээ. Чингис хааны Хархорумыг их гүрнийг удирдан залах тулгуур төв, Их Монгол Улсын хөгжлийн дархлаа болгож, үр хойчдоо үлдээсэн бөгөөд цаашдын өрнөлийг ажиглавал их хааны дараа залгамжлан хаан сэнтийд заларсан түүний хөвүүд, ач нар Хархорумыг хөгжүүлэх, Хархорумын бодлогыг хамгаалах алтан зарчмыг гуйвалтгүй биелүүлсэн нь тов тодорхой байна. Чингис хааны нийслэл Хархорум нь хөгжлийн явцад дэлхийн нийслэл болжээ. Тийм учраас 1220-1260-аад оныг “Хархорумын эрин үе” хэмээн үзэж болно. Түүний хөвгүүн Өгэдэй хаан Хархорумыг өргөтгөн, олон улс дамнасан өртөө, улаа бүхий “даругачи”-ийн тогтолцоо бүхий эзэнт гүрнийг цэцэглүүлэн хөгжүүлж, алдарт ач Гүюг, Мөнх, Аригбөх нар их хааны бодлогыг нэр төртэй үргэлжлүүлсэн юм. Мөнх хааны үед Хархорумын хөгжил туйлдаа хүрсэн нь бидний судалгаагаар улам тодорхой болж байгаа юм. Хархорумын дэлхий дахинд үзүүлэх нөлөө улам далайцтай болсон байна. Ганц жишээ дурдахад түүний Хархорумаас илгээсэн аялан байлдах корпусын шинжтэй багавтар арми нь Төв ба баруун Азийг нэвт хөндлөн туулах замдаа дэлхий дахины айдас, хүйдэс болоод он удаж, олон улс дамнасан Лалын хэт даврагч, алан хядагч, террористуудын үүр уурхай Асассины цайзуудыг 1257 онд нэгмөсөн даран сөнөөсөн юм. Энэ явдал нь тухайн үеийн аль ч төр, улсаас зохион байгуулж чадаагүй, ямар ч арми хийж зүрхлээгүй энхийг сахиулах ажиллагаа байсан учраас “Хархорумын ертөнц”-ийн түүхийн гялалзсан жишээ болсон билээ.

Тэндээс нэг далайлтаар Монголын арми нь Европ болон христийн ертөнцийн оройн дээд шүтээн Ромын пап-тай бараг дүйцэхүйц нэр нөлөөтэй Лалын шашинтнуудын номын багш Багдадын халифатыг сөхрүүлж, ертөнцийг бишрүүлэв. Иран, Ирак, Сирид гялалзсан ялалт байгуулж, Ойрхи Дорнодыг төвшитгөн тохинуулах их үйл хэргийг Франц, Ромын Папын засаглал болон түүний хүчтэй өрсөлдөгч Ромын Ариун эзэнт улс ч хийж дөнгөөгүй байлаа.

Монголын Алтан ордны улсын цэрэг дорнод Европт, зарим нь Умард Түвэд, Энэтхэг-Кашмир, зүүн чиглэлийн  нэг хэсэг нь  Солонгосын хойг, зүүн өмнө зүгт Өмнөд Хятад, Аннам (Вьетнам)-д довтолж, умард зүгт “Харанхуйн орон” буюу Сибирийн чинад хүрч, Хархорумаас ертөнцийн дөрвөг зүг, найман зовхист цэрэг улс төр, дипломатын ялгуусан бодлого, үйл ажиллагаа явуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, дорно зүгт Солонгосын хойг, Номхон далайн Татарын хоолойгоос өрнө зүгт Хар тэнгис, Газар дундын тэнгис, умар зүгийн Сибир их ойн умард захаас Энэтхэг-Хятадын хойг хүртэлх өргөн уудам газар нутаг нь “Хархорумын ертөнц” болж байсан юм.

Монголчууд дэлхийн их гүрнийг захирах үйл хэргийг Хархорумаас хэрэгжүүлж байлаа. Чухам тэр үеэс Чингис хааны нийс­лэл Хархорум нь дэлхийн нийслэл болжээ. Африкийн ихэнх нь овгийн зохион байгуулалтаасаа ч салж чадаагүй, Австрали, Умард ба өмнөд Америк “нээгдээгүй” байсан тухайн үед Ази-Европ дахины олон улс, үндэстнийг хамарсан их гүрний эв нэгдлийг хадга­лагч гол газар нь Хархорум хот байсан юм.

Хархорум нь лал, христос будда, тэнгэр шүтлэгт олон улс, угсаатны эв нэгдлийн гагнаас, XIII зууны дэлхий ертөнцийн шашин, оюун сэтгэлгээний эрх чөлөөний бэлгэ тэмдэг болж байлаа. Тэнд буддын 12, лалын хоёр, христийн нэг сүм, бомбын болон бөөгийн орд өргөө оршиж, өөр өөрийн суртлыг номлон, нэг цаг үед нэг хотноо энх тайвнаар зэрэгцэн оршиж, 1254 оны тавдугаар сарын 30-нд нийслэл Хархорумд францын ван IX Людовик вангийн элч Г.Рубрукийг оролцуулан христос, будда, лалын шашинтны ном хаялцаан, онолын маргааныг зохион байгуулж байсан нь дундад зууны түүхийн нэгэн гайхалтай жишээ  мөн гэж дүгнэх эрхийг бидэнд олгож байна. Хархорум хотын шашны байр суурь өрнөдийн эрдэмтдийн анхаарлыг татахгүй байж чадаагүй нь “Хэрэйд аймгийн эзэн Ван ханы... Хархорин хотыг удаан хугацааны турш үл хайхрагдсаар ирсэн Азийн несторианчуудын ганц түшиц гэж болохоор байсан хэмээн нэрт түүхч Харольд Лэмб бичсэнээс ямар нэг байдлаар харагддаг гэж үзэж болно.

Сурвалж бичигт: “...гар урчууд Дорнод Ази руу шилжин суурьшсан болон худалдаачид өдий төдийгөөрөө Хархорум руу аялах болсны ачаар Мусульман шашин өмнө нь огт дэлгэрээгүй шинэ газар нутагт дэлгэрэн мандах болжээ” гэсэн нэн сонирхолтой баримт тэмдэглэгджээ. 

Хархорумын татах хүчний нөлөөгөөр Христосын болон Мусульман шашин Европ, Ойрхи болон Дундад Дорнод, Дундад Азиас дорно зүг тэлэн түрсээр Монгол, Зүүн Хойд Азид хязгаарлагдмал хүрээнд боловч түгэн дэлгэрсэн гэж үзэж болохоор байдаг. Чингис хааны зарлигт нийслэл нь Хархорум хотноо төвлөрч асан бүхий л хугацааны туршид энэ хот дан ганц Монгол төдийгүй тухайн үеийнхээ хамгийн гол, зонхилох орнуудтай улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат болон соёл шинжлэх ухаан, шашны өргөн хүрээ бүхий олон улсын харилцааны хамгийн чухал үүрэг бүхий төв, Өрнө, Дорно, Ази-Европын олон улсын харилцааны гүүр, тухайн үедээ дэлхийн нийслэл болтлоо цэцэглэн хөгжиж байжээ.

Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.42) 2022 оны 11 сарын 29

яахаараа өнөө хүртэл Чингисийн хэрэглэж байсан эд зүйл гээд баримттай биетэй юм Монгол нутгаас олдохгүй байна вэ. Манай археологчид энэ талаар юу хэлэх вэ. Олохгүй байна уу, олчихоод сурталчлахгүй байна уу. Эсвэл бүр байхгүй юм уу. Энэнээс болоод Казхастан, Буриад, Хятад Турк сүүлдээ Украйн хүртэл Чингис хаан манайх гэж яриад эхлэв, Эдгээрт баримттай няцаалдт өгөөч ээ. Монгол эрдэмтдээ.

0  |  0
Иргэн(64.119.19.164) 2022 оны 11 сарын 28

За бүү мэд Өнгөрсөн үед ч өнөө үед ч манайд Чингисгүй юмгүй боллоо .Тэр нууц товчоо гэдэг зохиолд нь юу гэсэн юм бол.

0  |  1
Top