Г.Занданшатар: Бусдыг архиар шахаж, гэм хор учруулсан бол хариуцлага хүлээнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.11.29/ 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. УИХ-аар хэлэлцэн баталсан хуулиудыг долоо хоног бүрийн Мягмар гаригт олон нийтэд мэдээлж байхаар болсон байна.

Ингээд тэрбээр хуулийн төсөлд хэд хэдэн анхаарах заалт орсныг тайлбарлав.

 

  • Бусдыг архиар шахаж, гэм хор учруулсан бол архиар шахсан этгээд хариуцлага хүлээнэ.

 

  • Согтууруулах ундаа худалдах насыг 21 нас болгож нэмэгдүүлсэн. Бар, ресторан, дэлгүүр хоршоо 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй. Овор багатай залуучууд бичиг баримтаа үзүүлж байж архи согтууруулах ундаа авч болно. Бичиг баримтыг заавал шалгах үүргийг үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжид хүлээлгэж байгаа.

 

  • 14:00-4:00 цагийн хооронд согтууруулах ундаагаар үйлчилж буй газар ундны усаар заавал үйлчилж байх үүрэг хүлээж байгаа. Мөн халуун хүйтэн зуушаар үйлчилдэг байх шаардлага тавина. Дан архины хэрэглээг бүрдүүлэх нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах нэг шалтгаан болдог талаар судалгаа бий.

 

  • Худалдаа үйлчилгээний байгууллага 21 нас хүрээгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байх эрхтэй. Хэрэв зохист хэмжээнээс илүү хэрэглээд, тухайн хүнд эрсдэл үүсвэл үйлчилгээ үзүүлсэн худалдаа үйлчилгээний байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан.

 

  • Согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэх цагийн хязгаарлыг аймаг нийслэлийн Засаг дарга тогтоож болно. Хуульд 4:00 хүртэл үйлчилгээ үзүүлж болох заалт орсныг зарим иргэд шүүмжилж байгаа. Нөгөө талдаа ахуйн архидалтаас үүдэж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгддэг болох нь цагдаагийн байгууллагаас өгсөн судалгаагаар тогтоогдсон. Иймээс цагийг уян хатан байдлаар зохицуулсан байгаа.

 

  • Үйлчилгээний байгууллагын ажилтан “Согтууруулах ундааны хариуцлагатай ажилтан” сургалтанд заавал суух ёстой болсон.  Энэ сургалтын төлбөрийн талыг Засгийн газрын тусгай сан болох Архидан согтуурахтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас гаргана.

 

  • Үйлдвэрлэгчид хамааралтай нэг заалт бол 2026 оны нэгдүгээр сараас эхлэн 18 градусаас дээш хатуулагтай архины савлагааны хэмжээ 0,33 литрээс хэтрүүлэхгүй байхаар зааж өглөө.

 

  • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага ёслол хүндэтгэлийн гадаад арга хэмжээ, онцгой баяр ёслолоос бусад үед үед согтууруулах ундаа худалдаж авахыг хориглосон.

 

  • Архи согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн үед гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ торгууль шийтгэл оногдуулах, жолооны эрх хасах зэрэг арга хэмжээ авна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top