Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтран “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. БНХАУ-ын баримталж буй “Тэг-КОВИД” бодлогын улмаас тогтоосон хилийн хязгаарлалт болон Оросын Холбооны Улс, Украин улсуудын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг бий болгосон. Түүнчлэн инфляцын түвшин өсөж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хямрал улс орнуудын эдийн засагт хүндрэл учруулж байгааг дурдав.
Сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын өндөр түвшнийг тогтворжуулахаар улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ чангаруулж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 2022 оны эхний есөн сард таван удаа эрс нэмэгдүүлсэн нь ам.долларын ханшийг голлох валютуудын эсрэг 15 орчим хувиар өсгөж, хөгжиж буй орнуудад өрийн болон валютын ханшийн дарамтыг нэмэгдүүллээ. Геополитикийн хурцадмал байдал болон гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 2022 оны есдүгээр сарын байдлаар 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад валютын албан нөөц 2021 оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 1.5 тэрбум ам.доллароор буурч 2.8 тэрбум ам.доллар болоод байна.
Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1.0 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) -2 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар энэ оны алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувиас хэтрэхгүй байхаар баталсан. Төсөв ийнхүү алдагдалтай батлагдсанаар төсвийн орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын өр үүсгэсэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Иймд “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Эрчим хүчний сайд танилцуулгадаа онцолсон.
Мөн тэрбээр, энэхүү 100 сая ам.доллартай тэнцэх тус хөтөлбөрийн зээлийг авч ашиглахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай зээлийн хэлэлцээрийг 2022 оны есдүгээр сарын 05-ны өдөр хийж, тус хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллартай тэнцэх зээл олгох асуудлыг тус банкны захирлуудын зөвлөл 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр баталсан. Олон улсын байгууллагууд дундаас бүс нутгийн үйл ажиллагаа явуулж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банкууд нь ОУВС-аас харьцангуй хамаарал багатайгаар бие даасан шийдвэр гаргаж, хөтөлбөрийн зээл олгохоор ийнхүү шийдвэрлээд байна. Иймд төлбөрийн тэнцлийг дэмжих, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай энэхүү эх үүсвэрийг оны өмнө яаралтай авч ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. Азийн дэд бүсийн хөрөнгө оруулалтын банкаас авч ашиглах 100 сая ам. долларын зээлийн эх үүсвэр нь эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүнээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсөл санаачлагчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хуралдаан удирдах нь зохимжгүй гэдгээ мэдэгдээд хуралдаан даргалах үүргийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад шилжүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна гэв.
Мөн өнөөдөр ипотекийн зээлэнд хамрагдах хүсэлтэй, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэдэд ч гэсэн зөвхөн банкны шаардлага болох 30 хувийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээс өөр санхүүгийн арга хэрэгсэл, хямд үүсвэр байхгүй байгаа нь байртай болох гэсэн айл өрх бүрд санхүүгийн дарамт, ачаалал болж байгаа нь өнөөгийн санхүүгийн зах зээл дэх нийтлэг үзэгдэл болж байна. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.
Ингэснээр банкнаас шаардах аливаа барьцаа, баталгаа, батлан даалт, урьдчилгаа төлбөрийн шаардлагыг орлох санхүүгийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, даатгалын баталгааг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, аж аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хөрөнгө, мөнгөө банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулахгүй, хямд эх үүсвэрээр барьцаа, баталгааны асуудлыг шийдвэрлэх, иргэд банкнаас шаардах байрны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар буюу илүү хямд эх үүсвэрээр бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.
Санхүүгийн бодлогын хүрээнд Монголын санхүүгийн зах зээл илүү эрүүлжиж төрөлжих, банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн зах зээлд санхүүгийн шинэ үйлчилгээг бий болгох, хувийн хэвшлийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улмаар иргэдэд ирэх санхүүгийн ачаалал, зардал буурах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ж.Батжаргал, Г.Амартүвшин нар асуулт асууж, санал хэлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, хуулийн төслийн хүрээнд төрийн болон орон нутгийн тендерт оролцож байгаа компаниудад зөвхөн банкны баталгаа бус даатгалын шинэ хэрэгсэл, сонголтыг олгохоор болж буй нь сайн талтайг тодотгов.
Мөн тэрбээр, “Системийн таван том банкны активууд нь бүгд нэг их наяд төгрөг давсан болохоор эрсдэл даах чадвар нь өндөр түвшинд байгаа. Монголд хамгийн том даатгалын компанийн нийт хөрөнгө нь 38 тэрбум төгрөг, нөөц сан нь 18-20 тэрбум төгрөг байгаа учир жижиг тендерт оролцоход асуудалгүй. Харин томоохон төслийн тендерийг хэрэгжүүлэхэд даатгалын компани эрсдэлийг дангаараа даах чадвар хараахан бүрдээгүй тул Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд анхаарах шаардлагатай гэсан байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төсөлд даатгалын байгууллагуудын баталгааны хэмжээг зохицуулахгүй бол цаашид томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрсдэл үүсвэл хариуцлага нь тодорхой байх шаардлагатай гэсэн саналтай байлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )