ЧУУЛГАН: 1400 гаруй зөвшөөрлийг 360 болгож цөөлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.  

Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан тул хуульд нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн А.Адьшаа уг хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Зөвшөөрлийн системийг цахим болгох үйл явцыг дэмжиж байгаа ч аливаа зөвшөөрөл олгохдоо журмаар зохицуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг шүүмжлэв.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Нийтдээ 45 салбарын хуульд зөвшөөрөл олгох асуудлыг журмаар зохицуулна гэж заасан байсныг хуулиар зохицуулахаар уг төсөлд тусгасан. Зайлшгүй журмаар зохицуулах шаардлагатай тохиолдолд стандарт мөрдөнө гэж зааж өгсөн байгаа.

Өмнө нь 1400 гаруй зөвшөөрөл байсныг 360 болгож цөөлсөн. Ингэхдээ тусгай болон энгийн гэж хоёр ангилахаар хуульд тусгасан. Тусгай зөвшөөрөл 249, энгийн зөвшөөрөл 119 төрөл байгаа. Хуульд зааснаас өөр зөвшөөрөл олгох хууль эрх зүйн орчин байхгүй.


Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 21-нд өргөн бариад уншиж ч амжаагүй байхад оруулж ирлээ хэмээн шүүмжлэв.

Түүний байр суурийг Ц.Мөнх-Оргил гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлээд стандарт гэдэг хуульд заасан ойлголт хэрэгжихээргүй боллоо. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулийг дагаад 80 гаруй хуульд өөрчлөл орно. Ингэж сууриар нь бужигнуулж болохгүй. Гол үндсэн хуулиа орвонгоор нь бужигнуулж болохгүй. Бид хоёр сарын өмнө баталсан хуулиа өнөөдөр өөрчлөхөөр болоод байна. Зөвшөөрлийн тоог цөөлөхийг дэмжиж байгаа ч сууриар нь бужигнуулж болохгүй гэв. 

Зөвшөөрлийн тоог бууруулж, стандартын тухай ойлголтыг өөрчлөхөөр оруулж ирсэн энэхүү төсөл нь 80 гаруй хуульд хамаарч байгаа тул гишүүд шүүмжилж байсан. Тухайлбал Г.Амартүвшин гишүүний ажлын хэсэгт орж ажилласан Банкны тухай хууль, хоёрхон сарын өмнө баталсан Архи согтууруулах ундааны тухай хууль, мөн Газрын тухай хууль гэх мэт томоохон хуульд хамаарч байгаа тул гишүүд шүүмжлэв. Ингээд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бүрээр ажлын хэсэг байгуулахаар болж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив. 

Хуралдаан Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй танилцах сонсголоор үргэлжилж байна.   

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top