Өнөөдөр /2022.12.09/ Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр яаралтай хэлэлцэн батлах багц 3 хуулийг холбогдох байнгын хороод, ажлын хэсэгт үүрэг болголоо.
Тэрээр хэлэхдээ “Залуусын төлөөлөл төв талбай дээр олон жил бугшсан авлига хээл хахуулийн сүлжээ, шударга бус байдлын эсрэг жагсаж байна. Тэдний тавьж байгаа зүй ёсны шаардлагуудын нэг нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлтэй холбоотойгоор авлигачдад тооцох хуулийн хариуцлагын асуудал мөн.
Энэ бүхнийг яаралтай ажил хэрэг болгож, Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангаруулах, хөрөнгө хураах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор баялгийн менежмент, зохистой хуваарилалтыг ард түмний хяналтан дор хэрэгжүүлдэг байхын тулд Олборлох үйлдвэрлэлийн салбарын ил тод байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.
Байгалийн баялгийг ашиглахтай холбоотой салбарт авилгын эрсдэл өндөр байдаг тул энэ хуулийн хүрээнд нүүрс олборлолтын хэмжээнээс эхлээд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, өгсөн авсан бүгд ил тод болох ёстой. Ард түмний хяналт бол албан тушаалтны хяналтаас илүү хүчтэй. Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалахад чиглэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Ирээдүй хойч үеийн боломжийг хулгайлж, үгүй хийж буй авилга, хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой” гэв.
Сэтгэгдэл ( 0 )