Жагсагч Mr Do: 3 сая монголчуудыг 20, 30 хүн төлөөлж болохгүй

2022 оны 12 сарын 09

Нүүрсний хулгай, шударга бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.09/ зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Энэ үеэр жагсагч Mr DO Үндсэн хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн тогтолцоог өөрчлөх саналаа хуваалцлаа.


Тэрээр "Өнөөдөр залуучууд шударга ёс, хариуцлагаар өлссөн байна. Дандаа нэр төдий, аргацаасан, өдрийг өнгөрөөсөн, хуурмаг “косметик хагалгаа” хийгээд байна.

Монголын өнөөдрийг авч явж байгаа тогтолцоо таарахгүй байна гэдгийг Монголын ард иргэд амьдрал ахуйгаараа, бизнес эрхлэгчид бүх шатандаа туршигдлаа. Одоо үүнээс цааш яваад байвал хямрал байтугай бүр ясандаа тулах гэж байна.

Би Олон улсын эрх зүй судлаач хүн. Өмгөөллийн компанид судалгаагаар ажиллаж байна. Үүнд надад тодорхой хэдэн шийдлүүд байна.

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд гар хүрэхийн тулд юу хийх шаардлагатай вэ гэвэл тогтолцооны схемийг өөрчилье. Сонгуулийн тогтолцоо болохгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад сонгуулийн тогтолцоог өөрчилье.

76 өөрөө ард иргэдийг төлөөлөх потенциал байхгүй байна. Хэдхэн хүнийг нь худалдаад авчихсан байхад тэд бүрэн эрхээсээ татгалзаж чадахгүй, айдастай болчихсон. Бие биеэ нийнтэглэдэг, маш амархан. 76 гишүүний 51-ээс дээш хувь байж УИХ-аар хууль хэлэлцдэг. Үүнийг монголчуудын ихэнх нь мэдэхгүй. 51 хувь гэдэг чинь 3 сая монголчуудын нийтлэг эрх ашгийг 39 хүн. 39 хүний 51 хувь нь 20 хүн. Тэгэхээр Монгол Улсын бүх хууль тогтоомжийг заавал биелэгдэх тэр шинжийг 20-хон хүн шийдэх гээд байна.

Өнөөдөр 1992 онд Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хийхэд 1.7 сая орчим хүн амтай байсан.

Өнөөдөр энэ хүмүүс биднийг төлөөлөх чадамжаа алдчихсан. Ердөө 20, 30-хан хүн Монголын ард иргэдийг дээрэлхдэг, байгалийн баялгийг эзэмшдэг, нөлөөгөө тогтоодог. Ийм байж болохгүй” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.167) 2022 оны 12 сарын 09

УИНГ-ын тоог нэмэе гэж байна шүү. Тоо нэмбэл завсарт нь хавчуулчихна гэж бодоогүй байлтай. Гишүүдийн тоог нэмэх бүү хэл цөөлөх хэрэгтэй.

1  |  0
Top