Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч баасан гарагийн /2022.12.09/ нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын авилгатай тэмцэх өдөр тохиож байгааг онцлоод, энэ өдөр үндэсний аюулгүй байдал, иргэдийн амжиргаанд аюул учруулж буй авлигын эсрэг УИХ дахь олонх цөөнх хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг уриаллаа.
Г.Занданшатар: Хулгайтай бид тэмцэх ёстой. Гэхдээ хулгайтай тэмцэж байна гээд парламентын ардчиллаа доройтуулж, мөхөөж болохгүй
Тэрбээр, Шударга ёс, хууль засагласан, хөгжсөн эдийн засагтай шинэ ирээдүйг цогцлооход хамгийн том саад учруулж буй үзэгдэл бол авлига гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа “Эрдэнэт” үйлдвэр, Хөгжлийн банк, “Эрдэнэс-Тавантолгой” ХК зэрэг төрийн өмчит компаниудыг тойрсон авилга, албан тушаалын болон “нүүрсний хулгай” гэх тодотголтой гэмт хэргүүд шалгагдаж байна.
Албан тушаалтнуудын оролцоотой авилгын томоохон гэмт хэргүүд иргэд, олон нийтийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдагдуулж байна.
Авлига улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна.
Авлигын өр төлбөрийг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг учир залуус, ард иргэд бухимдаж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Засаглалаа, тэр дундаа парламентын ардчиллаа чадавхжуулаагүй цагт бид ямар ч сайн бодлого, зорилт дэвшүүлээд нэмэргүй. Засаглалыг сайжруулахын тулд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой.
Тиймээс өнөөдөр Ажлын хэсгүүд хуралдаж, УИХ авилгатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гурван багц хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хэрэгтэй байна.
Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт. Ирээдүй хойч үеийн боломжийг хулгайлж, үгүй хийж буй авилга, хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцохгүйгээр энэ зорилтод олигтой ахиц гарахгүй. Залуус Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйлийн талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах өөрчлөлтийг хийе гэж байна. Хууль хулгай хийдэггүй. Хуулийг хэрэгжүүлэхдээ хулгай хийж байна. Хуульд алдаа байгаа бол түүнийг засах асуудлыг оруулаад ир. УИХ хэлэлцээд засаад өгье гэж хэлж байгаа. Энэ асуудлыг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороо анхаарч ажилла. Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах ял бий болгох өөрчлөлтүүдийг нэн тэргүүнд хийе.
Хоёрдугаарт, байгалийн баялагтай баян орон атлаа ард иргэд нь ядуу амьдраад байна, түүнийг хулгайлаад байна гэсэн ард иргэдийн шаардлага бодитой үнэн. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батлах шаардлагатай байна. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгоно. Ард түмний хяналт нь албан тушаалын хяналтаас илүү хүчтэй. Ингэснээр ард түмний баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүнийг нууцаар, хулгайн замаар зарж буй “нүүрсний хулгай, нүүрсний мафи”-г таслан зогсоох, ил тодоор үнээ тогтоон гэрээ хийх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн бид тун удахгүй хэлэлцэн батална. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногт хуулийн төслийг эцэслэн батлахаар төлөвлөж байна.
Гуравдугаар, УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Авилгатай тэмцэх үр дүнтэй аргын нэг нь нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авилга, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоог түшиглэх явдал байдаг. Энэ үед бид нэг зарчим баримтламаар байна. Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй. Хулгайтай бид тэмцэх ёстой. Гэхдээ хулгайтай тэмцэж байна гээд парламентын ардчиллаа доройтуулж, мөхөөж болохгүй. Өнөөдөр гадаад, дотоодын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед үндэсний эв нэгдлээ, парламентын ардчиллаа хамгаалах ёстой хэмээлээ.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Дараа нь Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн батлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zandanshatar bitegii hutsaa.Odoo vg duugvi tar .ARD TVMENII HURALIIG HURALDUUL.HULGAICH BAIJIHAAD SOLIOROOD IH HURLIIN DARGA HIIGEED SOLIOTOI HULGAICH VE.TURIIN ORDON BA VABZ TURIIN 3 HULGAICHIDIIG TSAILUULAH HEREGTEI.BUTSARTAI HULGAICHID TUR BARINA GEJ UY BAIDAG UYMPARLAMENTIIN ARDCHILALA GEH SHIG TIIM UYM BOL YAH GEJ MAPUUTI EVSELDESEN LALAR VE.ard tvmenees uuhchilalat guigaad tar.Negch hulgaich turiin ordond baih iosgvi.zailtsagaa.