УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Үүний дараа нүүрсний хулгайд нэр холбогдсон МАН-ын таван гишүүн нэлээд бухимдалтайгаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
-Монгол Улс газар дээрх болон доорх баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Гэтэл хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол хулгай юм. Би сүүлийн гурван жилийн турш хулгайтай тэмц гэж их ярьсан. Гэтэл хэдэн хүн барьж хориод, хэрэгтэй хэрэггүй хэдэн хүний нэр зарлалаа. Хулгай гаарч байна. Тавантолгой бол хулгайн үүр болсон газар. Удирдаж байсан хүмүүс нь шоронд ордог, эсвэл гадагшаа зугтдаг.
Сая АТГ-аас таван хүний нэр зарласан. Үүгээр жагсаалыг тараана гэж байгаа бол горьдсоны гарз шүү. Жинхэнэ хулгайч нар цаана нь үлдлээ. Хэдэн жараахайгаар туг тахиж, тулууд нь цаана үлдэж байна гэдгийг жагсагчид ярьж байна.
Бид тав уулзаж, ярилаа. Бидэнд ямар ч хамаарал байхгүй. Тавантолгойд юу ч нийлүүлээгүй, нүүрс худалдаж аваагүй, тээвэр явуулаагүй. Бид даргад долигонож гүүдэггүй, хов хор хутгадаггүй. Ийм таван хүнээ хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй ээ! Бид ч бас адилхан хүн. Шаардлага гарвал гадаа гарч тэмцэнэ. Хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү. Жинхэнэ хулгайчаа зарла. Гаалийн ганц байцаагч 2600 тээврийн машин хилээр гаргана гэж байхгүй. Том том эрх мэдэл бүхий хулгайч нар үүнд оролцсон байгаа. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Хийж чадах ч үгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНБААТАР:
-АТГ-аас 17 хүний нэр зарласан. Үүнд би багтсан тул үгээ хэлмээр байна. Нэр зарлагдсан хүмүүсийг юунд холбогдуулж нэр зарласныг АТГ хэлээгүй. Биднээс тайлбар аваагүй тул юунд холбогдуулж шалгаж байгаа талаар АТГ-аас тайлбар авах гэсэн боловч холбогдох хүмүүс нь байгаагүй. Тийм учраас бид буцсан. Бид асуулга тавихаар бэлдсэн. Албан ёсоор асуулгын хариугаа авна.
Өмнө нь намайг дуудаж, мэдүүлэг аваагүй учраас би мэдэхгүй байна. Бодохдоо Өмнөговь аймагтай хамаатуулж байгаа байх. 2016-2020 оны хооронд би аймгийн Засаг дарга хийж байсан. Энэ үеийн хулгайн асуудал яригдаж байгаа тул холбогдуулж байгаа байх.
Би ганц зүйлийг баттай хэлэхэд хулгайн асуудалд оролцоогүй. Хуулийн байгууллагад шалгуулна, татгалзахгүй. Би гаргаж өгөх ёстой бүх материалаа гаргаад, тултал нь шалгуулна. Бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно.
Аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” босоо удирдлагатай. Тухайн компанийн буй бүх үйл ажиллагаанд нь аймгийн удирдлагууд оролцдоггүй. Яригдаад байгаа оффтэйк гэрээг ҮАБЗ-өөр шийдсэн.
Харин орон нутгийн Тавантолгойн хувьд 51 хувийн хувьцаа эзэмшигч нь ИТХ байдаг. ИТХ-аас төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ томилогдож, хувьцаа эзэмшигчдийн хурлаар есөн ТУЗ томилогддог. ТУЗ-ын хурлаар гүйцэтгэх захирал томилогддог. Тиймээс аймгийн Засаг дарга шууд оролцоод байдаггүй.
Дараа нь боомтын асуудал байна. Боомтын дарга нь аймгийн удирдлагаас үл хамаарч, дээд удирдлагаас томилогддог. Нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс бол нууц гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг хүмүүстэй холбоотой.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:
-Өнгөрсөн хоёр хоног нүүрсний хулгайч нарын амны хаалт болчихлоо. Нүүрсний юмыг би сайн судалж үзлээ. Түр хороо нэлээд нухацтай үзмээр байна. 2010 оноос 22 жилийн хугацаанд 86 сая тонн буюу 12,8 их наяд төгрөгийн нүүрс зарсан. 2018-2022 онд 7,5 их наяд төгрөгийн барааг Эрдэнэс Тавантолгой худалдаж авсан. Үндсэндээ 12 их наядын 7-г энэ компани үрсэн байна. Нийт 576 гэрээгээр 7,5 их наядыг цацсан. Амархан байна, 396 гэрээгээр нүүрсээ зарсан.
Эрдэнэс Тавантолгой 7 их наяд төгрөгийг үрэн таран хийхдээ 111 сая төгрөгөөр 40 тоннын чингэлэг, 880 тэрбум төгрөгөөр авто сонсмол, 30 сая төгрөгөөр подволк, 40 сая төгрөгөөр бээлий, 1,3 тэрбумаар эрүүл мэндийн үзлэг хийжээ. Ингэж мөнгө иддэг юм байна. Оффтэйк гэрээнээс гадна дахиад булай юмнууд энд байна. Эрдэнэс Тавантолгойгоос хулгай хийсэн юмнуудыг шалга. Ихэнх нь улстөрчдийн компани байгаа. Тэдний нөлөөлөл байгаа.
Оффтэйк гэрээ хийхийг зөвшөөрсөн хүмүүсээ шалга, Женко менкогоо барил даа. Хэдэн тэрбум ам.доллараар ашиг хийгээд явдаг.
Зарласан таван гишүүн чинь Уул уурхайн сайд, ЗГХЭГ дарга, Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн гишүүн, оффтэйк гэрээ хийгээгүй. Яагаад ийм хүмүүсээ нийгэмд гаргаж шидэж байгаа юм бэ. Эсвэл Д.Тогтохсүрэн даргын хэлээд байдаг “Ардын намын бүлэгт нүүрсний хэрэгт холбоотой хүн байхгүй” гэдгээ нотлохын тулд бид тавыг гаргаж тавьж байгаа юм уу.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР:
-Бид тав нэр дурдагдсан нь сайн гэж бодож байна. Энэ хэрүүл удаан үргэлжилнэ. Бид бол нэр цэвэрлэгдээд гарна. Жинхэнэ хулгайч нарыг ард түмэн мэдэж байгаа юм билээ. Цаашид Эрдэнэс Тавантолгойг ард түмний өмч болгож чадах юм уу. 30 ам.доллар нүүрс үйлдвэрлээд газар дээрээ 100 ам.доллараар зардаг мөнгөний машин юм. Ганц аюул нь Засгийн газар үеийн үед идэж иржээ. Үүнийг монголын ард түмэнд шилжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хулгай хийсний төлөө 76 уучлалт гуйгаад ард түмний өмч болгон өгөх ёстой. Цаашид ч ийм хулгай үргэлжлэх тул 100 хувь ард түмний өмч болгох юм бол ард түмэн амьдарч чадна.
Мөнгөний машиныг хэдэн хүн хувааж идээд баригдах болохоор гэмгүй хүмүүсийг зарладаг. Хэдэн хүн хориод хулгай арилахгүй. АТГ толгойгоо авч үлдэхийн тулд цаасан дээр байгаа хэдэн нэр зарлалаа.
Одоо энэ Эрдэнэс Тавантолгойг ард түмний өмч болгоё. Хоёрхон сая төгрөгийн төлөө залуучууд Солонгос руу дүрвэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН П.СЭРГЭЛЭН:
-Ардчилсан Монгол Улсад өнөөдөр хүний эрх, эрх чөлөө эрсдэлд орох аюул нүүрлэж байна шүү. МАН хүний эрхийг дээлдэх талаар манлайлан ажиллана гэж олон түмний итгэлийн нүдийг нээсэн. Гэтэл одоо энэ нүд эргээд анихад хүрч байна. Тиймээс МАН-ын гишүүддээ уриалмаар байна. Намын бүлэгт байгаа хулгай луйвар, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ цэвэрлэх хэрэгтэй. Жагсагчдын анхаарлын өөрсдөөсөө холдуулах асар их мөнгөтэй этгээдүүдийн зорилго харагдаад байна. Ард түмэн шударга ёсыг хүсээд байна.
Нүүрсний хулгайд зарлагдсан гишүүний хувьд хэлэхэд миний бие ямар ч холбоогүй гэдгээ УИХ-ын индэр дээрээс мэдэгдэж байна.
Харин үүний ард жинхэнэ хулгайч нар үлдэж байгаа шүү. Оффтэйк гэрээ байгуулсан ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэлийг ил болгохыг шаардаж байна.
Сэтгэгдэл ( 8 )
АТГ Прокурор жинхэнээсээ нэр хэлж чадахгүй хадны завсар хавчуулсан халиуны зулзага болчоод та таваар хэлүүлэх гээд байна шүү дээ Ойлгооч дээ
Раднаасэд Сэргэлэн Наранбаатар нар хувьдаа компани ч байхгүй хүмүүс яаж 40 их наядыг халаасалсан байхав. Баян гаруудын хажууд наадуул чинь бичкэн гарууд кк
Холбоотой ямар нэг ажил тухайн цаг үед хашиж байсан улсууд байна лээ. Авилга нөлөөлөл хийгээгүй бол цагааднаа. Хууль бусаар мөнгөжсөн бол арчигдана.
Дараа нам сонгохгүй ээ манан
Uls eh orniig min tallan hubaaj bgaa gadniin huchin bn\nMongol bol gadniin hulgaichldin Araanii shulsiig ursgaj bga Uls...\nMAN iin zasag mash tom.tulubluuguu gargaj 2050/0 n hurtel hugjuuleh urt tsagiin tulubluuguutei\nGetel odoo Zasag,turiig uimuulsenerr Mongol tir uimj bn..\nUuniig l Turuu uimuuleh Ungut hubisgal gedeg um
Оюун-Эрдэнэ сайдаа Авилгын эсрэг тэмцлээ улам идэвхжүүлж, өргөн хүрээнд далайцтай явуул.Ард түмэн таныг дэмжинэ. Нүүрсний хулгайн дараа Газрын тосны хулгай яригдана гэж нэг сайт дээр бичсэн байсан. Энэ мэтээр цааш хөврөнө. Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн нэрээр хэдэн тэрбум доллар, төгрөг үр ашиггүй зарцуулж тансаглаж, бүтээсэн баригдсан зүйлгүй 5-6 жил болж байгааг сайн шалга. Ямар гэрээ, тендерийг хэн байгуулсныг.....
МАН-ын зул нь мөхөж байна
жинхэнэ хулгайчууд нь намдаа дарга нартаа их хэмжээний мөнгө өгсөн учраас ард нь нуугдаад үлдэх гээд байна уу даа