Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас ““Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, төслийн зохицуулалтын хэрэгжих боломжийн талаарх дүгнэлтийг гарган Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.
Дээрх дүгнэлтэд “Тогтоолын төслийн 1 дэх заалтад Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгохоор тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт нийцэхгүй байгаа, мөн төслийн тэмдэглэх хэсэгт “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг дурдсан нь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлах талаарх буюу төсөлд тусгасан асуудалтай холбоогүй зохицуулалт байх тул дахин нягталж, өөрчлөх нь зүйтэй" гэж үзсэн байна.
Мөн эрх зүйн дүгнэлтэд "төсөл нь Улсын Их Хурлын тогтоол хэлбэртэй байгаа нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болохоор заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд төр компанийн үүсгэн байгуулагч, эсхүл хувьцаа эзэмшигч байж болохоор, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.6-д заасанчлан хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх зарчмын дагуу төсөв хуваарилах шийдвэрийг гаргахад Улсын Их Хурлын тогтоолоор бус хуулиар зохицуулах нь зүйтэй’’ талаар тусгажээ.
Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүдийн олонх нь “"Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.23 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль санаачлагчид буцаах нь зүйтэй" гэж үзлээ хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, бидний яриад байгаа технологид тохирохгүй хүдрийн овоолго бол хог хаягдал биш. Яах аргагүй тухайн үйлдвэрийн байгуулсан, технологид нь таарч өгөхгүй байгаа баялаг. Манайхан үүсмэл орд гэж нэрлэсэн юм билээ. Одоо үүнийг ашиглуулахын тулд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж бодож байна. Бий болчихсон зүйлийг ашиглаж, түүний хамт кластеруудыг нь бий болгомоор байна. “Эрдэнэт” өөрөө эцсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй л байгаа юм бол тэрхүү баяжмал дээр тулгуурласан цэвэр зэс үйлдвэрлэдэг, утсаа үйлдвэрлэдэг, цахим хэрэгслүүдийн чип үйлдвэрлэдэг үйлдвэрийг хөгжүүлж яагаад болохгүй гэж. Үйлдвэрийн технологи дээр суурилсан дараагийн дамжлагын технологитой үйлдвэрүүдийг байгуулах замаар кластер хөгжүүлж чадах юм бол нэмүү өртөг шингэсэн баялаг бий болно. Энэ зарчмаа бодож цаашдаа төрөөс баримталж байгаа бодлого, үйлдвэрлэл хөгжүүлэлт болоод бусад эрх зүйн зохицуулалттаа шигтгэж өгөх нь зүйтэй гэлээ.
Ажлын хэсгээс тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.23 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль санаачлагчид буцаах нь зүйтэй" гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан бөгөөд тэрхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЭРДЭНЭТИЙН БАЯЛГИЙГ ХАНАЖ ЦАДАХГҮЙ ЦУСАЛЖ ИРСЭН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТҮҮНИЙ БУУНЫ НОХОЙ ӨЛӨН П.ЦАГААН ХОЁРЫГ ОДОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХООЛЛОЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ТЭР ХОЁР ХУЛГАЙЧИЙН НЭН ДАРУЙ БАРЬЖ ХОРИХ ХЭРЭГТЭЙ!!!