Малчны адтай хүү
Би:
Ямар сайхан хүмүүсийг
Орчлон надад заяасныг
Ялгуун сарны доор
Үгээр хэлэхийн аргагүй гэсэн нэгэн дуу үгийг ямагт санаж явдаг нэгэн. Энэ нь уул дууны үг миний сэтгэлийн өнгө аястай ямар нэг хэмжээгээр нийлдгийнх биз. Тэгээд ч би цагаан цайлган сэтгэлтэй ил үгтэй, эрч хүчтэй, эрмүүн тэмүүлэлтэй хүмүүстэй танилцаад нэг л мэдэхэд дотно харилцаатай болчихдог юм. Энэ нь миний сайных биш, тухайн хүний билиг чанар хийгээд бурхнаас заяагдсан өгөгдөл нь намайг ховсоддог хэрэг. Тийм хүмүүс ямагт дотроосоо гэрэлтсэн тунгалаг ариун сэтгэлтэй байхын дээр ажил, амьдралын ачаандаа түүртсэн шинжгүй, итгэл үнэмшлээр дүүрэн, уулзсан учирсан хүн болгонд эрч хүч хүртээж байдаг. Тэд ямагт өөрөөрөө оршиж, өрөөлд тус дэм үзүүлж, шунал уналгүй амьдрахыг хичээнэ. Ийм сэтгэлийн боловсролтой, тунгалаг сэрэхүйтэй хүмүүсийн нэг нь эмч нарын дунд “Допплер” нэрээр алдаршсан Лувсанцэрэнгийн Дашцэрэн юм.
Тэр жирийн малчны хүү бөгөөд нүүдэлчний амьдралын их замд халуун, хүйтэн, хатуу хүтүүг үзэн ухаан сууж, зүрх сэтгэлдээ энэрэхүйн илч дулааныг шингээсэн хүн. Бага балчир насандаа Цэцэн Сартуулын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Ургамал сумын нутагт говь талын халуун наранд шарагдан, хонь хариулж, саахны хурга ялгалцаж, сарваа унаж өссөн аж. Улмаар арваад настайдаа аав ээжийн хамт 1500 хонь хариуцан тууврын замд гарч, 1000 гаруй км зам туулан, малын хөлийн тоосонд дарагдан зуны нар, бороо, намрын сэрүүн, хүйтэн салхинд борогшиж явсан түүхтэй.
Түүнтэй ярилцахад социализмын үеийн малчны ажил амьдралын өнгө аяс, засаглалын дарамт шахалт түүнийг давж туулсан малчин хүний уужуу тайван сэтгэл, холч ухаан мэдрэгддэг. Дашцэрэнгийн аав Лувсанцэрэн нь Цэцэн-Уул сумын Галуутын хүрээнд 1921-1938 онд сууж, чойрын ном үзэж судалсан гэвш хүн байжээ. Тэр 1938 онд их хэлмэгдлийн улмаас хийдээсээ бурхан шүтээнээ аван оргон зайлж, Ургамал суман суурьшсан байна. Улмаар 1939 онд шар мултлан цэрэгт мордож, дайнд оролцож явсан ахмад дайчин юм. Өөрөө лам явсны дээр авга ах, ловон лам Довдон нь хилс хэргээр хэлмэгдсэн учир ямар ч үед түүнээс айдас хүйдэс салсангүй. Коммунист үзэл суртлын үед шашингүй суртал нэвтрүүлэг газар авч лам явсан өвгөд хийгээд бурхан шүтээнд халтай байлаа. Иймд Лувсанцэрэн амьдралын мөр хөөн, хэдэн жил болтол анхны хүү нь төрөв. Орчлонгийн жам ёс хийгээд бурхны шашны гүн ухааныг сайтар мэдэх болсон Лувсанцэрэн хүүгээ ууч ариун сэтгэлтэй, ёс тахимдуу хүн болгохыг хичээж байв.
Ийнхүү хэд гурван малаа өсгөж, ноос ноолуур, арьс шир, сүү цагаан идээгээ борлуулах, бас Хатгал, Цагаан нуур зэрэг газар руу жин тээх зэргээр амьдралаа залгуулж айвуу тайвуу хэдэн жил болтол нэгдэлжих хөдөлгөөн гэгч өрнөв. Лувсанцэрэн элдэв үг хэл гаргалгүй, нутгийн олны нэгэн адил малаа нэгдэлд нийгэмчилж, амины хэдэн малтай хоцорчээ.
Энэхүү цаг үеийн байдлыг Лувсанцэрэн хэрсүү ухаандаа шүүж үзээд, аж амьдралаа залгуулахын тулд бэлтгэлийн мал туудаг болов. Энэ нь зун намрын цагт гэрийн бараа хардаггүй, хээрээр гэр, хэцээр дэр хийсэн амаргүй ажил боловч маани мэгзмээ чөлөөтэй уншиж, биеийн жаргалаас илүү сэтгэлийн жаргал эдлэх тул Лувсанцэрэнд тээршаах зүйл байсангүй. Ийнхүү тууврын замын хишиг хүртэн, бор амьдралаа боломжийн хөтөлсөөр хэдэн жилийг үдтэл дахин нэг хүү төрсөн нь Дашцэрэн юм. Хоёр хөөрхөн хүүтэй болсондоо Лувсанцэрэн зүрх сэтгэлдээ баяр тээж, тэднийгээ багаас нь зөв төлөвшүүлэхийг хичээж, аж амьдралын хийгээд хүн ёсны “Цагаан толгой”-г нүдлүүлэхийг хичээх болжээ. Их эмч Л.Дашцэрэн нэгэнтээ сэтгүүлчийн асуултанд: ”...Аав ээж хоёр минь маш ажилсаг, ном эрдмийг дээдэлдэг хүмүүс байлаа. Ах бид хоёр тэр үеийн хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил өглөө эрт босоод хонь ямаа хариулахаас эхлээд өдрийг зав чөлөөгүй өнгөрүүлдэг байв.
Энэ нь тэр үеийн монголчуудын үр хүүхдээ дагуулан амьдралд сургах арга ухаан байж дээ гэж боддог” гэж хариулсан байдаг. Үнэхээр Дашцэрэн багаасаа ажил сурч, таван настайгаасаа гол усандаа “Малд гярхай хүүхэд“ гэж магтагдах болсон аж. Нэг удаа хэдэн хотын хонь нийлчихээд, зарим нь хонио танихгүй, “Манайх танайх” хэмээн жижиг маргаан үүсэхэд таван настай Дашцэрэн хүү айл айлаар нь зүслэн ялгаж өгч, томчуудын гайхлыг төрүүлсэн гэдэг. Ийнхүү “Малд нүдтэй хүүхэд” нэрийг олсон Дашцэрэн хүү дээр өгүүлсэнчлэнгээр 10-аад насандаа тууврын замд, улмаар төв орон газар суурьшиж, ном эрдмийн мөр хөөх замд оржээ. Энэ нь түүний аав Лувсанцэрэнгийн хүүхдүүдийнхээ алсыг бодож, хэрсүү ухаанаар бодсон шийдэл байлаа. Тэрээр 1500 толгой тууврын малыг гэр бүлээрээ хариуцан авч, зургаан сар тууварлан, нийслэл хотод тушаагаад, ажлын хөлс, тарга хүчний нэмэгдэлд 10 мянган төгрөг авч, гарын бэл болгон хотод суурьшихыг зорьжээ. Тэр үеийн 10 мянган төгрөг гэдэг бага мөнгө байсангүй. Ингэж алс нутгийн малчны хүү Дашцэрэнд эрдэм номд шамдан суралцах боломж нээгджээ.
ИХ ЗАМЫН ЭХЭНД
Лувсанцэрэн гуай 10 мянган төгрөгөө гарын үсэг зуран авахад нэгт, гуравт, тавд, аравтын дэвсгэрт голдуу чемодан дүүрэн мөнгө болжээ. Ийм овор ихтэй мөнгөтэй хотын хөдөлгөөнд орж, улмаар суурьшина гэхэд эрсэлдэлтэй байсны дээр орон нутгийн шилжүүлэггүй учир арга буюу гэр бүлээрээ Баянчандманий сангийн аж ахуйг зорьсон аж. Хэдийгээр арванхоёрдугаар сар гарчихсан байсан ч Баянчанманьд суурьшиж, хүү Дашцэрэнгээ сургуульд оруулж амжив. Угийн сэргэлэн, ой тогтоомж сайтай Дашцэрэн хоцорсон хичээлээ нөхөн суралцаж, хичээнгүй чанараа харуулж амжив.
Мөн хотын ойролцоо өссөн дэггүй хөвгүүд “Хөдөөгийн хөдсөн дээлт“ хэмээн гадуурхахад нь нударга зөрүүлж гурав хүртэл үзэв. Харин аав ээжийнхээ хүчинд хичээлийн хэрэглэл, өмсөх зүүхээр дутагдах зүйл байсангүй. Энэ үед аав Лувсанцэрэн нь үе үе хот руу явж хуучин хүрээ хийдэд хамтсууж байсан хүмүүстэйгээ холбоо тогтоож, Улаанбаатарт шилжин суурьших боломж хайж байлаа. Ингэж хөөцөлдсөний үр дүнд Дашцэрэнг зургаадугаар ангид орох жил Ардын боловсролын яамнаас албан бичиг гаргуулж, Чингэлтэй дүүрэгт шилжин иржээ. Хүүгээ ном эрдмийн мөр хөөлгөх гэсэн Лувсанцэрэнгийн хүсэл зорилго нэг шат ахисанд бүгд баяртай байлаа. Аавынхаа итгэлийг хүлээсэн Дашцэрэн хүү анги дараалан амжилттай суралцан, 1981 онд аравдугаар ангиа төгсөж, БХЯ-ны нэр дээр гадаадын цэргийн дээд сургуульд суралцах хуваарь авчээ. Энэ нь дайчин шуурхай, сэргэлэн цовоо, оюуны сэлгээ сайтай Дашцэрэнд тохирсонхуваарь байлаа.
Гэтэл БХЯ-наас цаг үеийн байдалтай уялдуулан, дотооддоо хээрийн мэс заслын 100 эмч бэлтгэх шийдвэр гарч, Дашцэрэнг АУДэС-д энэ чиглэлээр суралцуулахаар болжээ. Ийнхүү Дашцэрэн АУДэС-ийн дэргэдэх цэргийн эмнэлгийн тэнхимд элсэн ор, ирээдүйн их үйлсийнхээ гарааг эхэлсэн түүхтэй. Тэр, 1987 онд уул сургуулиа төгсөж, нэгэнт БХЯ-ны мэдлийн боловсон хүчин учир сайдын тушаалаар Ардын армийн 013-р ангийн эмнэлгийн албаны даргаар томилогдсон байна. Энэ нь цэрэг, эрүүлийг хамгаалах хосолсон үүрэгтэй амаргүй алба байв. Гэвч амьдралд борогшсон, оюуны сэлгээ сайтай, овсгоо самбаатай Дашцэрэнд самгардах, ухарч шантрах зүйл байсангүй. Зуны гаралт, Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн сургууль, намрын ургац хураалт гээд цаг хүч шаардсан, яаруу давчуу ажил мундахгүй. Тэр бүхэнд бэлтгэгдсэн офицерь, мэргэжсэн эмчийн үүргээ чадамгай гүйцэтгэж штаб командлалын итгэлийг хүлээж байлаа.
Энэ үед аав нь сэрүүн тунгалаг байсан бөгөөд хүрээнд хамт сууж байсан28 лам нөхөдтэйгээ холбоо тогтоож үе үе ном нийлдэг байсны дээр хүүдээ сэтгэлээ ямагт засаж, олонд тустай, нийцтэй явахыг эрхэмлэн захидаг байжээ. Ингэж Лувсанцэрэн гуай хүүдээ эмч хүний ёс суртахууны эрхэм чанарыг ягуухан өвлүүлсэн байна. Удалгүй цэрэг дайны уур амьсгал зөөлөрч, улаан суртлын нөлөө харьцангуй саармагжиж ирсэн учир Дашцэрэн БХЯ-нд хүсэлт гарган чөлөөлөгдөж, улсын клиникийн III эмнэлгийн мэс заслын тасагт мэргэжлээрээ ажиллах болжээ. Энгийн эмнэлэгт ийнхүү ажиллах болсноор Дашцэрэн мэдрэлийн мэс заслын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай эмч нараас ихийг сурч мэдэх сайхан боломж бүрдсэн байна.
Тэр, энэ боломжоо ашиглан долоон жил үр бүтээлтэй ажилласны зэрэгцээ уламжлалт анагаах ухааны дээд курст суралцаж мэдлэг, дадлага олж авав. Энэ үед Зүүн хүрээ буюу Дашчойлин хийдэд сууж, номын авшиг хүртээж байсан аавын нь бие муудсан учир арга буюу чөлөө авч, нэлээд хугацаанд асрамжилжээ. Удсан ч үгүй хайрт аав нь орчлонгийн мөнх бусыг дагаж хүндхэн ачаа үүрч, зах зээлийн хэдэргээт замаар толгой дааж урагшлах болов. Улсын байгууллагын цалин харан амьдарч байсан түүнд ямар ч хуримтлал байсангүй.Иймд Дашцэрэн тухайн үеийн бусад хүмүүсийн нэгэн адил Бээжин-Улаанбаатар-Москва гэсэн чиглэлд ганзагын наймаа хийж, элдэв бэрхшээлийг туулж явсаар хэдэн төгрөгтэa болжээ.
Гэсэн ч цаашид дан наймаагаар амьдралаа залгуулах нь ирээдүй муутай санагдаж, мэргэжлийнхээ дагуу уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийж, амьдралаа өөд татахаар БН Польш улсын Вроцлов хотыг зорьжээ. Алсыг зорьсон түүнд хэл ул, хил гаалиас эхлээд олон бэрхшээл тохиолдож байсан ч зорилгоосоо ухарсангүй. Ингэж Дашцэрэн Вроцлов хотын эмнэлэгтэй гэрээ байгуулж, уламжлалт анагаах ухааны аргыг ШУ-ны эмнэлгийн ололтой хослуулсан эмчилгээ явуулж үр дүнд хүрчээ. Орлого ашиг нь ч нэмэгдсэн байна. Хажуугаар щнь угийн бүтээлч, шинийг мэдэж сурах гэсэн хүслээрээ байнга суралцаж байв. Ийнхүү Монгол эмчийн нэр хүндээ өргөж, эрчимтэй ажиллаж хэдэн жилийн нүүр үзтэл Отгонтэнгэр хайрхан нь зүүдлэгдэж, ээж нь байнга бодогдон ер бусын даллага, дуудлага ирээд байх шиг сэтгэл нь тогтворгүй байх болжээ. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахыг оролдовч ер болж өгсөнгүй. Иймд Дашцэрэн арга буюу эх орондоо буцаж ирэхэд муу хөгшин ээж нь, “Хүүгээ ээж нь хөхөөрөө даллаж байлаа шүү дээ“ хэмээн өр өмөлзүүлэн угтжээ.Ээж хүү хоёрын энэ учрал Дашцэрэнгийн тунгалаг сэрэхүй, гэгээн мэдрэхүйд түүх болон үлдсэн ажгуу.
“ДОППЛЕР” АЛДРЫГ ОЛСОН НЬ
Дашцэрэн Польш улсаас буцаж ирээд нэг хэсэг анагаах ухааны хүрээлэнд ажиллажээ. Энэ хугацаандаа эрдэм судлалын судалгааны арга барилд суралцаж, чамгүй мэдлэг олж авчээ. Гэсэн ч тэр илүү ихийн сурч мэдэхийг хичээж, ажлын хажуугаар ЭМШУИС-ийн эхосонографийн оношилгооны мэргэжил олгох курст суралцаж амжилттай төгсөв. Энэ дагуугаа цаашид дагнан мэргэжихийг зорилго болгож, ШУТИС-ийн систем судлалын хүрээлэнгийн докторантурт суралцаж, квант физикийн онолын үндсийг судалж, физикийн ШУ-ны ололтыг анагаах ухааны практикташиглаж ирсэн туршлагыг илүү сонирхох болжээ.
Тэр дундаа Австрийн нэрт физикч, математикч К.А.Допплерийн /1803/1853/1846 онд нээсэн “Допплерийн эффикт” нээлтэд тулгуурлан эмнэлгийн практикт нэвтрүүлсэн, өнгөт хэт авианы оношилгооны аргыг эзэмшихийг гол зорилгоо болгосон байна. Энэ арга нь 1996 оноос Монгол Улсын анагаах ухааны практикт нэвтэрсэн учир уншиж судлах гарын авлага, ном элбэг байв. Дашцэрэн тэр бүхнийг уншиж судалж, эрдэмтэн, багш нарын үг сургаалыг тусган авч, төрөлхийн бүтээлч чанараараа хичээн ажилласаар санасандаа хүрчээ. Ингэж онол практикийг хослуулж чадсанаараа Дашцэрэн “Допплер” алдрыг хүлээсэн түүхтэй. Тэрээр Дашцэрэн 2002 оныг хүртэл анагаах ухааны хүрээлэнд ажиллаад, улмаар ЭМШУИС-д Допплерографийн багшилж, анагаах ухааны хамгийн шинэлэг салбарын мэдлэг, чадварыг залуу эмч нарт эзэмшүүлж эхэлсэн байна. Энэ чиглэл нь оюутан болон залуу эмч нарын сонирхлыг татаж байлаа.
Дашцэрэн ийнхүү багшилж байх хугацаандаа допплерографаар оношилж, улмаар гамма туяагаар тархины хавдрыг эмчлэх талаар нарийвчилсан судалгаа хийж байв. Судалгааныхаа дагуу 2008 онд Австри улсын Зальсбүрг хотод болсон “Тархины судсан доторх бичил мэс засал ба допплерографийн оношилгоо” сэдэвт олон улсын семинарт оролцлоо. Сонссон, дуулсан зүйл их. Тархины хортой ба хоргүй хавдрын 3-5 см үүсгэврийг дусал ч цус гаргалгүйгээр гамма цацрагаар эмчлэх аргыг гүнзгий мэдэж авав. Энэ бүхнээ практик нэвтрүүлэх зорилгоор улсын клиникийн I эмнэлэгт шилжин ажиллав.
Гэсэн ч тус эмнэлэгт допплерографийн оношилгооны аппарат байвч өвчнийг эмчлэх гамма туяаны тоног төхөөрөмж нь байсангүй. Үнэндээ тэр тоног төхөөрөмж нь тэнгэрт хадсан үнэтэй аж. Иймд Дашцэрэн холын нэгэн хүсэл зорилготойгоор 2011 онд “Тархины судас” нэртэй хувийн эмнэлэг байгуулжээ. Тэрээр Дашцэрэн өнчин болон тэнцвэрийн тархины хавдар, гавлын сууринд байрлалтай хавдрууд, гурвалсан мэдрэлийн өвдөлт, эпилепси уналтын өвчнүүд, паркинсонизмын өвчин, вений судасны коверном зэрэг далд илрэлтэй 10 гаруй өвчнийг шуурхай оношилж, гадаад, дотоодын эмнэлэгт зуучлан ажиллаж байна.Ингэснээр мэдрэлийн мэс заслын Дэлхийн алтан стандартын эмчилгээнд хорт хавдраар өвчилсөн ард иргэдийг цаг алдалгүй хамруулж иржээ. Ингэж шуурхай оношилж, эмчилгээнд хамруулсны үр дүнд өвчтнүүд 3-6 сарын дотор гуйваж дайвалзахгүй болохын дээр мартаж мунгинах нь эрс багасдаг аж. Энэ хугацаанд Дашцэрэн МУИС-ийн харьяа институтийн хятад хэлний ангийг төгссөний дээр дэлхийн мэдрэлийн мэс засалчдын сургалт /2011 он/, соронзон үелзүүрт резонанс томографийн МRI оношилгооны курст /2013-2014 он/ тус тус суралцаж, мэдлэг чадвараа дэшлүүлсээ ирэв. Ингэж Дашцэрэн допплеросонографийн оношилгоо, гамма туяаны эмчилгээний төлөө идэвхтэй ажиллаж, “Допплер” алдраа хамгаалсаар сууна.
”ДОППЛЕР” АЛДАР ЭЦСИЙН ЗОГСООЛ БИШ
Их эмч Дашцэрэн зөвхөн допплеросонографийн оношилгоо хийгээд, хувийн эмнэлгийн эзэн гээд “томорч”, бусад эмчилгээг хайхарч үздэггүй хүн биш. Тэр, уламжлалт анагаах ухааны зүү төөнүүрийн эмчилгээ болон зөгийн эмчилгээ, Хятадын “Хөх давс”-ний эмчилгээ зэргийн онолын үндэслэл, арга зүйг нарийвчлан судлаад эмчилгээ явуулж байна. Дашцэрэнгийн хийж буй эдгээр эмчилгээнд хүмүүс ам сайтай бөгөөд хөл үл тасарна. Зөгийн эмчилгээ гэхэд хоромхон зуур зөгий 400 орчим төрлийн бодисын найрлагатай “хор”-ыг хүний биед шахаж, өвчин зовиурыг намдаагаад илааршин эдгэрэх үйлчилгээг үзүүлдэг байна. Зовж шаналсан нэг нь орж ирээд зөгийн эмчилгээ хийлгээд нүүр дүүрэн баясгалантай гарах нь сайхан.
Дашцэрэн эмч Башкирын сортын хүрэн бор зөгийг авчирч, Шаамарт өсгөөд эмчилгээндээ ашигладаг аж. Харин “Хөх давс”-ны эмчилгээ нь Хятад улсад өргөн ашиглагддаг боловч Чингис хааны ордны эмчилгээ бөгөөд Юань гүрнээр дамжсан түүхтэй аж. Уул эмчилгээний давс нь 23 эрдэс бодисын найрлагатай тул нуруу, нугас, хүзүүний суулт, хий гүйдэл, нойргүйдэл, сэтгэл санааны хямрал зэргийг илааршуулахын дээр тураах, биеийн энергийг тэнцвэржүүлэх зэрэг онцгой сайн нөлөөтэй гэнэ. Энэхүү эмчилгээг гэргий Бүрэнжаргал нь хариуцан ажиллаж өдий хүрчээ.
Их эмч Дашцэрэн нэг хүн бүтээсэн гэхэд эргэлзмээр энэ олон ажил, амжилт ололтдоо сэтгэл ханалгүй, тархины шохойжилт, хавдар зэргийг цус гаргалгүй эмчилдэг, 30 мянган долларын үнэтэй, гамма туяаны аппарат, тоног төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд түмэн олондоо тус үзүүлэхийг хичээсээр байна. Лувсанцэрэнгийн Дашцэрэн эмчийн энэ мэт он удаан жилийн хөдөлмөр зүтгэлийг системийн дээд байгууллага нь өндөр үнэлж, ”Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, клиникийн профессор цол зэргийг олгосны дээр, төрийн дээд шагнал ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон” зэргээр шагнажээ. Ингэж Завхан аймгийн Ургамал сумын уугуул, ардын армийн бэлтгэл офицерь, клиникийн профессор, мэдрэлийн мэс заслын их эмч Л.Дашцэрэн ард түмний эрүүл мэндийн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна.
Н.ДАВААДАШ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )