Нүүрсний сонсголоос гарсан ЗУРГААН САНАЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцогч нарын гаргасан саналуудыг тоймлоход үндсэн 6 чиглэлээр саналууд гаргасан хэмээн С.Чинзориг гишүүн танилцууллаа.

Тодруулбал,

Нүүрсний хулгайг ил болгох, олон нийтийн мэдэх эрхийг хангах чиглэлээр: Засгийн газраас байгуулсан “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” буюу штабт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, Тавантолгойн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах, нэг км төмөр замыг олон улсын жишгээс өндөр үнээр барьсан нь хулгай хийх нөхцөлийг бүрдүүлсэн болон төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүйгээр ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаар саналуудыг гаргасан.

Хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр: Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялагийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын тухай бие даасан хуулийг батлах, татварын болон Сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргасан.

Хяналт тавих, хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх чиглэлээр: Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрлэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэж, нүүрсний хулгайд ямар нөлөөлөл үзүүлснийг судалж дүгнэлт гаргах, ил тод болгох, оффтэйк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдүүдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналуудыг гаргажээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах чиглэлээр: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ногдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том Тавантолгой компанийг нэгтгэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн хөрөнгийг бүх аймагт тэгш хуваарилах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй байгаа Зүүнбаян төмөр замыг “Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрыг хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглалттай холбоотой Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Түр хороотой адил Тавантолгойн асуудлаар Түр хороог байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг хэлсэн байна.

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хэлбэрийг сайжруулах чиглэлээр: Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, хамрах хүрээ, сонсголын үр дүнг тайлагнах хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх, зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон бусад уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээр, хил, гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх зэрэг санал гаргасан.

Төрийн байгууллын тогтолцоог өөрчлөх чиглэлээр: Төрийн байгууллын харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд Улсын Их Хурал нь Засгийн газартаа тавих хяналтаа сайжруулах, шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөх, шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг санал гаргасан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dn(150.129.140.217) 2022 оны 12 сарын 30

газар болон газрын дорх баялага ард түмнийх юм бол хувьцаа гаргахгах ёсгүй 100 хувь ард түмний өмч шүү дээ монголын бүх баялагыг одоо байгаа хүндээ хуваагаач шинэ хүүхэд төрсөнч одоо байгаа хүмүүсийн л үр сад болно шүү дээ ингэвэл гадныхны өмч болохгүй шүү дээ

0  |  0
Зангараг(192.82.71.111) 2022 оны 12 сарын 30

Таван толгойн хувьцааны 80 аас доошгүй % ийг ард иргэддээ үнэгүй хувьчилж ард нийтийн хяналтыг сайжруулж баялгийн тэгш хувиарлалтыг хангах ёстой. Ухаарч амьдаръя гээд байгаа нөхөр юу ч ухаараагүй байгаа нь харамсалтай.

0  |  0
УХААРЧ АМЬДАРЬЯА(103.111.68.3) 2022 оны 12 сарын 30

ОДОО БАЙГАА ИРГЭН БҮРДЭЭ 1072 ХУВЬЦААГ НЬ ҮЛДЭЭЖ ХҮН АМ НЭМЭГДЭХ БҮРД ТЭР ХУВЬЦААГ ОЛГОЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЫН ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЫН ХУРЛААР ШИЙДЭН ЖИЛ БҮР ХЯНАЛТЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРЧЛӨН ДАРААГИЙН ХЯНАЛТЫН БАГИЙГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ,ЭНЭ Л ХАМГИЙН ЗӨВШИЙДЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА.

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 12 сарын 30

ТАВАН ТОЛГОЙГ ХУВЬЧЛАЖ БОЛОХГҮЙ . ЯАГААД ГЭЭЧ ХУВЬЧЛААД НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛГОНО ГЭДЭГ НЬ ЭНЭ ЯВААНДАА ОЛОНХ БИШ ЦӨӨНХИЙН ГАРТ ХУВЬЦАА ЦУГЛАЖ ТЭНД ЦӨӨНХ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛНО ЭХЭНДЭЭ ОЛОНХИД ХУВЬЦААГ ӨГЧ БАЙГАА МЭТ БОЛОВЧ БЭЛЭН МӨНГӨӨӨР ЗАРЖ ЭХЭЛМЭГЦ ХУВЬЦААГАА ЗАРЖ БЭЛЭН МӨНГӨ БОЛГОХ ХҮСЭЛТЭЙ ОЛОНХ ХУВЬЦАААГАА ЗАРЖ ЭХЭЛДЭГ ҮҮНИЙГ БАНКНЫХАН ГОЛДУУ АВДАГ ТЭГЭЭД ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА ХУВЬЦАА ИХЭНХ НЬ БАНКНЫ ЭЗДИЙН ӨМЧ БОЛНО ҮҮНИЙГ БИД 90 ОНЫ ИХ ХУВЬЧЛАЛЫН ГАШУУН СУРГАМЖНААС ХАРЖ БОЛНО.ӨНӨӨДӨР ТЭГЭЭД МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ЦӨӨХӨН ҮЛДСЭН,ИЙМ Л ТҮҮХИЙН НЭГ ХЭСЭГ ДАВТАГДН

0  |  0
зочин(192.82.90.87) 2022 оны 12 сарын 30

Эдгээр саналуудыг нэгтгэсэн нь сайшаалтай, одоо үүнийгээ ЗГ, УИХ, Ерөнхийлөгчид хүргүүлээд УИХ авч хэлэлцэж, хэрэгжүүлэх талаар тогтоол гаргаж Засгийн газарт өгөх хэрэгтэй. Засгийн газар энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд дээрх 6 багц санал орсон санал нэг бүрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан хугацаатай төлөвлөгөө гаргаж, ажил хэрэгчээр хандвал жаахан үр дүн гарч мэднэ дээ. Зүгээр л дээрх саналуудыг тэгсгээд л хаявал ард түмэн бүрэн итгэл алдана, цаашид яаж ч мэднэ шүү.

0  |  0
Top