Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ

2022 оны 12 сарын 30

Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр, Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүйгээр нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсний дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэлээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдах хүртэл хугацаанд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн хуулиар зөвшөөрлийн харилцааг зохицуулахаар тусгасан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн санаачлан боловсрууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналыг дэмжсэн бөгөөд хуулийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ

Мөн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Төслийн танилцуулгадаа Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 оны 3 дугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 1,358.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 778.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй, гадаад валютын албан нөөц 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,935.1 сая ам.доллар болж оны эхэн үетэй харьцуулахад 1,010.0 сая ам.доллароор буураад байгааг дурдав. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2022 оны эхний 11 дугаар сард 14.4 их наяд төгрөг буюу 98.5 хувийн гүйцэтгэлтэй, нийт зарлага 15.5 их наяд төгрөг буюу 88.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ.

Сангийн сайд, “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээ"-ний хүрээнд авч ашиглах 100.0 сая ам доллартой тэнцэх хэмжээний зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Засгийн газрын нэмэгдүүлэх өрийн дээд хэмжээнд нийцэж байна гээд, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх ба Баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.81 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй байна хэмээсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжижг 70.0 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээ”-ний хүрээнд ямар арга хэмжээ авах талаар тодруулж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, 100 сая ам.долларын зээлийг юунд зарцуулагдах вэ. Үнийн өсөлт, инфляцын өсөлтөд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ хэмээн тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлан, Энэ зээл болбол цэвэр мөчлөг сөрсөн буюу төсвийн дэмжлэг юм. Төлбөрийн тэнцэл дээр бидэнд одоо валют юу юунаас илүү хэрэгтэй байгаа юм. Зээлээр орж ирэх төгрөгийг төсөвт, валютаа Төв банкны валютын нөөц дээрээ аваачиж тушаах ийм л зарцуулалттай. Ямар нэг төсөл, арга хэмжээ, бондын эргэн төлөлт огт биш юм гэсэн хариултыг өгсөн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг хуулийн төслийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан юм.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан билээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдох харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судлах, холбогдох арга хэмжээ авах зэрэг зохиуцуулалтыг тогтоолын төсөлд тусгалаа.

Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэх, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг эргэлтэд оруулах, хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн тус Байнгын хороо санаачлан боловсрууллаа гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг гэсний дараа “2023 оны 2 дугаар улиралд багтаан”” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн 5 дахь дэд заалтад “эзэмшиж байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох, эсхүл “Зүүнбаян төмөр зам”, болон “Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам” ХХК-д иргэдийн ногдол ашгаар хөрөнгө оруулсан хэмжээгээр хувьцаа эзэмшүүлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төсөлд ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2023 онд нийтийн сонсгол явуулж, сонгон шалгаруулалтаар томилох, компанийн цэвэр ашгийн 10-аас доошгүй хувийг жил бүр ноогдол ашгаар хуваарилах” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ““Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг 34 хувиас доошгүй болгож нэмэгдүүлэх” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс таван толгой” компанийн нийт ашгийн 10-аас доошгүй хувийг жил болгон ноогдол ашиг болгон 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэддээ олгоё, дээр нь 2012 оны 04 сараас хойш төрсөн иргэддээ ноогдол ашиг нэмэгдэл болгож өгье гэсэн зүйлийг тогтоолын төсөлд тусгасан байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болгоод, 1072 хувьцааг эргэлтэд оруулж, ард иргэддээ ногдол ашгаа олгодог, компанийг ил тод, нээлттэй болгох чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт тогтоолоор өгөх юм гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Уул уурхайн биржийн тухай хууль батлагдан гарснаар уул уурхайн салбарыг тойрсон олон асуудал тодорхой болно гэж үзэж байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж тогтоолын төсөл боловсруулжээ. Заяагдмал баялаг буюу байгалийн баялгууд дээр тулгуурласан, үнэ цэнтэй энэ аж ахуйн нэгжүүдээ сайн засаглалтай болгох, олон нийтийн оролцоотой, хяналттай болгох шаардлага байна гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Бид нээлттэй, тайлангаа олон нийтэд тайлагнадаг, 1072 хувьцаа эзэмшигч өөрсдийнхөө төлөөллийг, ТУЗ-ийн гишүүдийг нь томилдог, хэн нэгэн УИХ-ын гишүүдийн ах дүү, хамаатан садан томилогддоггүй, иргэд өөрсдөө ноогдол ашгаа авдаг ийм компанийг л бий болгоё гэж хүсээд байгаа юм гэж хэлсэн.

Хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үе шаттай эргэлтэд оруулах гэж тусгавал зөрүү ойлгогдож, түүнийг хэрэгжүүлэх шатанд зөрчил дутагдал гарах, мөн компанийг хувьчлах гэж байгаа юм шиг ойлголт олон нийтэд өгөх эрсдэлүүд байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн.

Тиймээс УИХ-ын дарга тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ ойлголтын зөрүүг арилган гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөнөөр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top