Улсын их хурлаар 2022 онд хэлэлцэн баталсан 10 онцлох хуулийн талаар эргэн сануулъя.
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
Хууль батлагдсанаар төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих болон улсын салбарт хамаарах аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хуулийн үйлчлэлд бүх төрийн албан хаагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тэдгээрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, мөн бүх шатлалын төсөв, тусгай сангууд, төсөвт авсан зээл, тусламжийн эх үүсвэр хамаарна.
Хуульд төсвийн байгууллага, бүх төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн дарга, захирлын хангамж, зарим үйл ажиллагаа, түүнчлэн хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээ худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлж, төрийн бүх шатанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж ажиллахыг заасан. Хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх эрх зүйн орчин энэ хуулиар бий боллоо. /Хуулийн дэлгэрэнгүй/
ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн.
Хууль батлагдсанаар Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчин боловсронгуй болж, Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэн нэмэгдэх, Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын жилийн төсөв, гүйцэтгэлийн тайлан, тооллогын дүн олон нийтэд ил болж, Эрдэнэсийн сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг илүү ойлгомжтой тодорхой болгов. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагаа өргөжиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьц тогтоолгох нь сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хязгаарлагдахгүй, эрх авсан хувийн хэвшлийн хуулийн этгээдэд нээлттэй болж, олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт металлын эдийн засгийн эргэлт сайжрах эерэг үр дагавар бий боллоо. /Хуулийн дэлгэрэнүй/
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Хууль батлагдсанаар бизнес, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, аргачлалыг хөрөнгийн үнэлгээнд нэвтрүүлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийг өргөжүүлэх, эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлгээний хуулийн этгээд, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах, үнэлгээчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах эрх зүйн орчин бүрдлээ. /Хуулийн дэлгэрэнүй/
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Зөвшөөрлийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Энэ хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Хууль батлагдснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл, жагсаалт болон эдгээртэй холбогдох суурь харилцаа тодорхой болсон. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон зах зээлийн харилцаанд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цэгцтэй механизмыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй төрөөс аливаа зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, цахимаар зохион байгуулах, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл бий болгох болон зөвшөөрлийн тоо, төрлийг нэмэгдүүлэхийг хориглох заалтыг тусгасан. Энэхүү хуулиар төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 5 дахин бууруулсан. Эдгээр эрх зүйн шинэ орчин нь хүнд суртал, зардал чирэгдлийг мэдэгдэхүйц багасгаж, цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурах, манай улсын авлигын индекс болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг сайжруулахад эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой юм. /Хуулийн дэлгэрэнүй/
ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
Хуульд дараах асуудлыг тусгасан. Үүнд: Донорын насны доод хязгаар 25 байсныг 21 болгож өөрчилсөн; Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллага цусны болон эс, эд, эрхтний амьд донорыг тухайн эзний зөвшөөрлийг үндэслэн олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулж байхаар тусгасан; хууль батлагдсанаар Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад улс руу чиглэсэн мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдах юм. /Хуулийн дэлгэрэнүй/
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Уг хууль 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хууль батлагдсанаар паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ. Түүнчлэн, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэх, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, дагалдах жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ач холбогдолтой. /Хуулийн дэлгэрэнүй/
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ба ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох, дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 21 байхаар хуульчиллаа. /Хуулийн дэлгэрэнүй/
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, баталлаа. Уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хууль батлагдсанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн хоорондын харилцааг эрх зүйн хувьд шийдэх боломж бүрдсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбардын үйл ажиллагааг зохицуулах хууль нь иргэдийн барьцаа хөрөнгийг байгаа хэмжээнээс нь доор үнэлгээтэйгээр барьцаалж авах, өндөр хүүтэй өдрийн зээл зэрэг асуудлыг зохицуулсан чухал хууль болсон юм. /Хуулийн дэлгэрэнүй/
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хууль хэрэгжсэнээр захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх гол ач холбогдолтой юм. Ингэснээр төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ. /Хуулийн дэлгэрэнүй/
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.
Энэ хууль төр хувийн хэвшлэлийн түншлэлийг дэлхий нийтийн олон улсын стандартад нийцүүлж шинэлэг байдлаар реформын шинжтэй өөрчлөлт хийхээр баталснаараа онцлог юм. Нийтлэг агуулга нь хувийн хэвшлийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэнд тухайн бизнесийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай дэд бүтцүүдийг бий болгосноор удаан жилийн хугацаанд бизнесийг нь тогтвортой болгох, хүртээмжтэй байх зорилтыг тавьсан. Мөн гадаад талдаа хөрөнгө оруулагчдын татах боломжийг бүрдүүлэх зохицуулалт хийсэн юм. /Хуулийн дэлгэрэнүй/
Сэтгэгдэл ( 0 )