“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.
Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар бизнес регистрийн санд бүртгэлтэй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2014 онд 4500 байсан бол 2021 онд 5400 болсон. Нарийвчилбал, 2014 оны байдлаар төрийн өмчит орон нутгийн өмчит газрын тоо 261 байсан бол энэ онд 386 болж, төсвийн байгууллагын тоо 3900-аас 4700 болж өсжээ. Хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажил үйлчилгээг төрийн зүгээс давхардуулан, аж ахуйн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн үүсгэн байгуулж буй нь өөртөө илт давуу байдлыг бий болгож, өрсөлдөөний тэгш байдлыг үүсгэх зүй бус үр дагавартайг төслийн танилцуулгад онцолжээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын дийлэнх олох нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд улсын төсөвт дарамт үзүүлж байдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.
Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна" гэж, мөн "төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд тусгасан. Хувийн өмчийг эрхэмлэсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байх нийгмийн гэрээг батлан нийтээрээ дагаж эхэлсэн. Ингэснээр төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх олон улсын нийтлэг зарчим руу шилжсэн. Харин 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын I хавсралт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6.4-т “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна” гэж, уг баримт бичгийн II хавсралт “Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.4.5-д төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр, үүний үр дүнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжрах, ил тод байдал хангагдах, ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байхаар тусгажээ.
Гэвч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагууд харьяандаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг олноор үүсгэн байгуулах явдал ихэссэн гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сургууль цэцэрлэг соёлын төв барихаар төсвийн байгууллага нэмэгдлээ гэнэ барихгүй болохоор хүрэлцээгүй гэнэ яамаар ч юм.