Орлогоос гадна зарлагын мэдүүлэг гаргадаг байх шаардлагатай гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

Төрийн ордонд болсон  “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дахь үндсэн илтгэлийг “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл” сэдвээр Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул хийлээ. 

Доктор А.Алтанзул судалгааныхаа хүрээнд 330 гаруй хуульд агуулга, үүргийн шинжилгээ хийсэн байна. Үүнээсээ тэрбээр сонгогддог ба томилогддог албан тушаалтнуудад тавигддаг хариуцлага хүлээх чадвар, шаардлагыг зохицуулж буй хууль тогтоомжийн заалт бусад төрийн албан хаагчдынхаас бага байгааг тогтоосон байна. 

Мөн сонгогддог албан тушаалтнууд иргэдээс мандат авдаг тул тусгайлан шаардлага тавих нь төлөөллийн ардчиллын зарчимтай зөрчилдөнө гэсэн үзэл санаа байдгийг ч дурдсан юм. Иймд сонгогддог ба томилогддог албан тушаалтнуудад орлогоос гадна зарлагын мэдүүлэг гаргадаг байх зэргээр нарийвчилсан хуулиудаар ёс суртахууны хэм хэмжээг тусгайлан зааж өгөх шаардлагатай гэж тэрбээр үзэж байгаа юм. Хариуцлагын тогтолцооны хувьд ч улс төрийн албан тушаалтнуудад оногдуулах хариуцлага тодорхой бус байна. Эцэст нь тэрбээр, улс төрийн өндөр албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэсэн хариуцлага бусад төрийн албан хаагчдад хүлээлгэснээс хоёр дахин бага байгааг тэмдэглэж, сонгогддог болон томилогддог албан тушаалтнуудын нэр дэвших, сонгон шалгууруулах үйл явцад хуулиар олон нийтийн оролцоог хангаж, нээлттэй болгон манлайллыг хуульчлах, Засгийн газрын салбаруудын бодлого хууль, тогтоомжийн уялдаа холбоо, хийдэл, зөрчлийг арилгах замаар хууль зөрчиж шийдвэр гаргадаг албан тушаалтнуудын боломжийг хязгаарлах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд олон нийтийн байгууллагын оролцоог хангасан суурь хуулийг батлах шаардлагатай гэсэн дүгнэлт хийв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top