Ш.Адьшаа: Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг өөр шалгуураар оруулж ир

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.01.05) ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Адьшаа дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хойшлуулах саналтай байна. Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол Улсын нийгэм, улс төрийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор УИХ-ын Ажлын хэсэг гарч, Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай асуудлыг УИХ онцгой анхаарч, өдөр шөнөгүй анхаарлаа хандуулж байгааг ойлгож байгаа.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 хүнийг бид судалж үзлээ. Үнэхээр санал асуулгыг явуулж, нийгэмд үүсээд байгаа бугшсан бузар булхайг өөрчилье гэж байгаа бол ингэж нэр төдий, өөрсдийгөө хамгаалдаг хүмүүс оруулж ирж болохгүй. 

Ард түмнийхээ саналыг авах гэж байгаа бол Санал асуулгын тухай хууль, бусад хуулиар зохицуулж, нийт ард түмнээсээ асуу. Зөвлөлийн хүмүүсийг өөр шалгуураар оруулж ир. Хуурамч юм хийсээр байгаад бид өнөөдөр хулгай, луйвар үүрлэсэн 30 жилийн гаж тогтолцоотой болсон" гэлээ.

Сануулахад, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.

Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгосон юм. 

Үүнд,
 

  1. Л.Төр-Од-Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
  2. Г.Галбадрах-Зураг, хөдөлмөрийн багш
  3. О.Мөнхсайхан-Хуульч
  4. О.Амартүвшин-Эдийн засагч
  5. Ө.Ганхуяг-Эдийн засагч
  6. Х.Ганбаатар-Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
  7. Г.Чулуунбаатар-Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
  8. С.Эрдэнэбат-Хөдөлмөрийн эдийн засагч
  9. Д.Моондой-Радио электроникийн инженер
  10. Д.Мягмарсүрэн-Улс төр судлаач
  11. И.Цэрэн-Онолт-Багш, математикч нар багтсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top