УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар /2023.01.05/ Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
АСУУЛТ: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
-Орхоны хөндийд хот байгуулах асуудлаар УИХ-ын тогтоол гарах юм байна. Ерөнхийлөгчийн Зарлиг гарсан. Зарлиг гарах нэг хэрэг. Зарлигийг хэрэгжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас иймд байдалтай асуудалд хандаж болохгүй. Салбарын сайд нь байхгүй, бүхэл бүтэн хот байгуулах гэж байхад Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам зэрэг гол яамнуудын сайд нь байх ёстой. Яагаад гэхээр дандаа төсөв мөнгөтэй асуудал яригдана. Энэ төсөв мөнгийг хаанаас олох юм бэ? Зүгээр нэг тогтоол гаргаад, цаасан дээр буулгаад мартчихгүй байлгүй дээ. Хамгийн гол нь төсөв мөнгийг нь хаанаас олох юм бэ, ямар эдийн засгийн чадавх байгаа юм бэ, санхүү мөнгийг нь хаанаас олох юм бэ гэдгийг сайд нараас нь асуумаар байх юм.
Нөгөө талаар үүнийг тогтоол гаргаад хаягдчих вий дээ гэж эмээж байна. Учир нь 2008 онд бас л Улаанбаатар хотын төвлөрлийг саармагжуулах чиглэлээр нийслэлээс их, дээд сургуулиудыг гаргах, Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах УИХ-ын тогтоол гарсан. Гэтэл тэр нь үе үеийн боловсролын сайдын ширээнд тоосонд дарагдаад л байж байгаа. Тэр бүү хэл Ашиглалтын өмнөх захиргаа байгуулаад 10, 20 инженер, архитектурыг бүрдүүлээд, 1 тэрбум төгрөгийн ТЭЗҮ хийчхээд байж байгаа. Ямар ч ашигладаггүй, хэрэглээгүй ингээд хаягдсан.
Араас нь дахиад Орхоны хөндийд хот байгуулна гээд орж ирж байна. Дахиад баахан ТЭЗҮ гэж хөөцөлдөж байгаад, улс төрийн шоу гэдэг юм уу, асуудал болоод хагядчихвийдээ.
Бид олон л хот яриад байгаа. Шинэ нисэх онгоцны буудлаа дагасан хот яригдаж байгаа. Тэрний дэд бүтэц ямар байгаа билээ. Тийм учраас хэрэгждэггүй тогтоолууд, уриалга гаргаад өнгөрөх вий гэж болгоомжлоод байна.
Үүнийг байгуулахын тулд 5, 10 жилийн төлөвлөлт хэрэгтэй байлгүй дээ. Өнөөдөр Орхоны хөндийд хот байгуулах ТЭЗҮ байгаа юу, боловсрогдсон уу. Боловсруулсан бол ямар хэмжээнд, ямар хүчин чадалтай, ямар дэд бүтэцтэй, ямар хөрөнгө оруулалт шаардлагатай хот байгуулах юм бэ. Хэдэн хүн амтай байх юм бэ, гарах үр дүнд нь Улаанбаатарын төвлөрөл хэдэн хувиар саарна гэж үзэж байгаа юм бэ. Ямар төрийн байгууллагуудыг төвлөрүүлнэ гэж үзэж байгаа юм бэ. Эдийн засгийн хувьд ямар чадавхтай байх юм бэ, аялал жуулчлалын хот байх юм уу, банк санхүүгийн хот байх юм уу, ямар чиглэлийн хот байхаар төлөвлөж байгаа юм бэ.
ХАРИУЛТ: БХБ-ийн дэд сайд Э.Золбоо
-Бид аливаа хот байгуулах гаднын улс орнуудын туршлагыг судалсан. Яг энэ хот байгуулалтын барилга бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө цаасан дээр хот байгуулах, бэлтгэл ажлыг хангах нь үндсэн ажлын 30 хувь нь гэж гаднын улсууд үздэг юм билээ. Сүүлийн үеийн туршлагаар үзэхэд нийтдээ хот байгуулахад 20 орчим жил зарцуулдаг. Бэлтгэл ажил нь 5 орчим жил зарцуулдаг.
Бид Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулах цаасан дээрх бэлтгэл ажлуудыг хийгээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд БХБЯ-ны зүгээс хот байгуулах боломжтой байршлын судалгаануудыг хийссэн. Нийтдээ хоёр аймгийн 8 орчим суман дээр 1.8 сая газар нутаг дээр судалгаа хийж байгаад яг хот байгуулах боломжтой гэдэг дээр 24 мянган га талбай буюу гурван байршлыг сонгож тогтоосон. Энэ байршлыг тогтооход мэргэжлийн ажлуудыг хийнэ. Байгаль орчны үнэлгээ зэрэг олон үнэлгээг хийж энэ байршлыг оруулж ирж байгаа.
УИХ-ын тогтоол гарвал цаашдаа бид Засгийн газар дээр байршлаа бүр нарийн тогтоож, байршлууд дээрээ инженер дэд бүтцийн судалгаа , хэдэн хүнтэй хот байгуулагдах вэ гээд тооцоо судалгаа нь тэр үед гарч ирнэ. Хэдэн хүнтэй байгуулагдах хотын үндсэн концевц дээр тулгуурлаад ТЭЗҮ нь ямар өртөгтэй, ямар санхүүлжилт хэрэгтэй вэ гэдэг нарийн асуудлууд гарч ирж байж, тухайн цаг үед нь бид санхүүжилтийн асуудлаа ярих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Sots ue yamr mundag baij bee?/Darhan ,Erdenet hotudiig Zaluuchuudin hot hemeen Baiguulj chadsan.”Erdenetin oboo ungutei bnaa ene zuunii uria bnaa” Orosiin ard tumenii tuslamjtqi hamt baigulsan.60 aad onoos Atar gazriig ezemshih hudulguun urnuulj hicheen ch olon Sangjn A.A nudiig manai aluus barij baiguulsan bee!!! Odoo ahmad ueiinhen shudee.Ingej zaluusiig ajil hudulmurtei mergejil bolobsroltoi bolgoj hudulguj urailsan nam bol MAXN baisan...Zaluus uursduu amidrah hotoo barij baiguulbal goe doo