ЧУУЛГАН | Зөвлөлдөх зөвлөл байгуулах УИХ-ын Тогтоолын төслийг баталлаа

2023 оны 01 сарын 06

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.06/ хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын Тогтоолын төслийг Байнгын хорооны саналаар баталъя" гэдэг томьёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон 42 гишүүний 31 нь буюу 73.8 хувь нь дэмжлээ.

Батлагдсан тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар уншиж танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.2, УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:

1. "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах зөвлөлдөх зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

1. Отгондаваагийн Амартүвшин (Эдийн засагч) - МҮХАҮТ-аас нэр дэвшүүлсэн

2. Гомбосүрэнгийн Галбадрах (Зураг, хөдөлмөрийн багш) -Хувь иргэн

3. Хуягийн Ганбаатар (Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер) - Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо

4. Өлзийхутагийн Ганхуяг (Эдийн засагч) -  Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн

5. Цэгмидийн Мандхайхатан (Эрх зүйч) - Бодлогод залуусын хяналт ТББ-аас нэр дэвшүүлсэн

6. Доржийн Моондой (Радио электроникийн инженер) - Хувь иргэн

7. Одонхүүгийн Мөнхсайхан (Хуульч) - МУИС

8. Банзрагчийн Отгонтөгс (Эдийн засагч) - Хувь иргэн

9. Лхагважавын Төр-Од (Улс төрийн эдийн засагч, эрх зүйч) - ТББ

10. Гилэгпилийн Чулуунбаатар (Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич) - ШУА-аас

11. Сүхбаатарын Эрдэнэбат (Хөдөлмөрийн эдийн засагч) - МҮЭХ

 

2. Зөвлөлдөх зөвлөлийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган УИХ-д танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасугай.

Энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Эцсийн найруулга дээр УИХ-ын гишүүдээс санал гараагүй тул тогтоолыг баталсанд тооцож, алх цохилоо.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top