Иргэдэд зөвлөгөө үзүүлэх модератороор УИХ-ын Тамгын газрынхан ажиллана

2023 оны 01 сарын 09

УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.

Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдэд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх модератороор Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд ажиллах юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас модераторуудыг үе шаттайгаар сургалтад хамруулж байна.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Зөвлөлдөх санал асуулгын үеэр модератороор ажиллах ажилтнуудад өнөөдөр (2022.01.09) “Зөвлөлдөх уулзалтыг чиглүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болоод Зөвлөл санал асуулгын анхан болон хоёр дахь шатанд модераторууд хэрхэн ажиллах, тэдэнд тавигдах шаардлага, баримтлах зарчмуудын талаар мэдээлэл хийж, зөвлөлөө.

Дараа нь Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Суурин хөтөлбөрийн менежер Ц.Баттуяа “Чиглүүлэгч буюу модераторын эзэмших шаардлагатай 10 ур чадвар” сэдвээр сургалтыг үргэлжлүүлсэн. Тэрбээр модератор хүнд харилцаа холбоог бий болгох, идэвхтэй сонсогч байх, төвийг сахисан хэвээр байх, уян хатан байх, хүлээн зөвшөөрч, хүндэтгэх зайлшгүй чадвар байх ёстой хэмээсэн. Мөн зохион байгуулалт, менежментийн ур чадвар, сэдвийн талаар мэдлэгтэй байх, урам зоригтой, анхааралтай байх чадварын талаар илтгэлийнхээ үеэр онцолсон.

Улсын Их Хурлын Тамгын газраас модераторуудад зориулан цуврал сургалтыг хийхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зовсон иргэн(202.9.46.22) 2023 оны 01 сарын 09

2019 оны жүжигээ давтаж, 2019 оны ҮХНӨ , түүнийгээ засах гэж Цэцтэй хуйваалдсан шигээ 2024 оны сонгуульдаа зориулсан ажлаа хийх гэж байна даа. Тоглодог юм нь Үндсэн хуль, тоодог юм нь мөнгө , сүйтгэдэг юм эь улс орон, сүжирдэг юм нь авилга болждээ, яана даа

0  |  0
Top