Зөвлөлдөх санал асуулгын хугацааг хойшлуулах саналыг УИХ-д оруулна

2023 оны 01 сарын 10

Улсын хэмжээнд явуулах зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2023.01.10) боллоо. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүрээнд хийгдэх ажлуудын цаг хугацааны асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 80 тоот тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахаар заасан. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээг тодорхойлох, асуултын төслийг шийдвэр гаргагчдад болон иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулж, саналыг нь тусгаж эцэслэн батлах, улмаар асуултыг санал асуулгын програмд оруулж, туршилт тохируулга хийх, биечлэн уулзаж, нүүр тулсан ярилцлагын аргаар санал асуулгыг авах ажилд оролцогчдыг сургаж бэлтгэх зэрэг ажлуудын далайц, хүрээ хэмжээ өргөн, цаг хугацааны хувьд шахуу байгааг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, дээрх тогтоолоор товлосон хугацааг сунгаж, “2023 ны гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж өөрчлүүлэх саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван Ажлын дэд хэсэг байгуулахаар болов. Эдээр Ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм. Нийгмийн чиглэлээр ажиллах Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын Ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болов.

Хуралдааны дараа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд Хэвлэлийн бага хурал хийж, өчигдөр (2023.10.09) болсон анхдугаар хуралдааны болон өнөөдрийн хуралдааны шийдвэрүүдийг танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top