Зөвлөлдөх санал асуулгын асуултыг байнгын хороонд танилцуулж, санал авахаар боллоо

2023 оны 01 сарын 18

Улсын хэмжээнд явуулах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өчигдөр (2023.01.17) хуралдлаа.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ажлын таван дэд хэсэгт оролцож ажиллан,

-Нийгмийн хүрээ, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын эрх, иргэний хяналт, оролцоо

-Эдийн засаг, баялгийн шударга хуваарилалт

-Үндэсний аж үйлдвэр, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн либералчлал

-Парламентын ардчилал, хууль дээдлэх ёс

-Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, шударга ёсны тогтолцоо

гэсэн таван чиглэлээр зөвлөлдөх санал асуулгын асуултын төслүүдийг бэлтгэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар ажлын дэд хэсгүүдээс бэлтгэсэн асуултын төслүүдийг нэгтгэн, зарчмын зөрүүтэй асуултуудаар санал хурааж, эцэслэн боловсруулав. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо.

Мөн хуралдаанаар, зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг иргэн И.Цэрэн-Онолт, “Цогц хөгжлийн үндэсний төв” байгууллагаас нэр дэвшсэн М.Энхбадрал, ШУТИС-аас нэр дэвшсэн Д.Мягмарсүрэн, “Урагш дэвших холбоо” ТББ-аас нэр дэвшсэн А.Чинбат, иргэн Ц.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, М.Энхбадралыг комиссын даргаар, Д.Мягмарсүрэнг нарийн бичгийн даргаар тус тус томилов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top