УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.18/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дууджээ.
Тухайлбал, "Хатан интернэшнл" ХХК нь Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авчээ. Ингэхдээ сүүлд авсан 5.2 тэрбум төгрөгийн зээлийнхээ 4.7 тэрбум төгрөгийг нь төлөөгүй байгаа аж. Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Зээлийн үлдэгдэл 4.7 тэрбум төгрөг байна. Хугацаа 2018 онд дууссан, зургаан сарын хугацаатай авсан. Зээлийн хугацаа хэтэрч, чанаргүй зээлдэгч гэдэг ангилалд багтжээ" гэх мэдээллийг өглөө.
Харин гэрчээр дуудагдсан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа гадаад оронд томилолттой, дэд захирал Д.Ганбат эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Тиймээс тус компанийн хуулийн зөвлөх П.Сугарням гэрчээр оролцож тайлбар өгөв. Учир нь, нийт зээлийн 1.39 тэрбум төгрөгийг нь БНХАУ-ын хоёр иргэний данс руу шилжүүлж, юунд зарцуулсан нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдсон тул гэрчээс тодруулах шаардлагатай гэж Түр хорооны гишүүд үзжээ.
Үүнд, "Хатан интернэшнл" ХХК-ийн хуульч П.Сугарням дээрх тодорхойгүй мөнгийг БНХАУ-аас шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулсан гэдгийг тодотголоо. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас авсан үлдэгдэл зээлээ төлөөд явж байгаа гэдгийг ч хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )