Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.01.18) хуралдаан 14 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд “Дэд хорооны даргыг сонгох тухай” байнгын хорооны тогтоолын төсөл, Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд
эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн төслийг хэлэлцэв
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд Иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 1989 оны гэрээг шинэчилж, иргэний болон арилжааны хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулахаар хоёр тал 2021 онд тохироод байгаа аж. Энэ хүрээнд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг тухайн улстай 2022 тохирсон гэв. Гэрээний төсөл нь 23 зүйлтэй бөгөөд төсөлд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах, биелүүлэх журам, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, харилцах журам, бусад зүйлсийг тусгасан байна. Тус гэрээг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэх боломжтой болно гэдийг Х.Нямбаатар сайд танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 61.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Монгол Улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр 23 улстай байгуулсан нийт 36 хоёр талт олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгааг танилцуулгын эхэнд дурдсан юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Куба Улстай 1989 онд байгуулсан Иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр улсын сүүлийн үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулж шинэчлэн байгуулахаар хоёр тал 2021 онд тохирсон байна. Ингэхдээ хоёр тал иргэний болон арилжааны хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулах нь зүйтэй хэмээн үзэж гэрээнүүдийн төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг талууд 2022 онд тохирсон байна.
Гэрээний төсөл нь 20 зүйлтэй, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, хязгаар, шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг гардуулах, нотлох баримт цуглуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх гэх зэрэг зохицуулалттай.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаан Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн танилцуулгыг хийв.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар ажиллажээ.
Хуулийн төсөлд улсын онц чухал обьектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, дотоодын цэргийн алба хаагчдыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцож нийгмийн баталгаагаар хангаж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр, мөн Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд түүнийг энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд орлох бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцахаар, Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийх тохиолдолд тухайн алба хаагчийг шууд захирах даргад мэдэгдэх, Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагаас нэмэлт санхүүжилт авч болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах зэрэг зарчмын зөрүүтэй 12 саналыг бэлтгэсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна. Төслөөр казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заажээ. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар заажээ. Ингэхдээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав. Казино эрхлэгчийг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар 30 жилийн хугацаагаар олгох зохицуулалтыг хуульчлахаар төсөлд тусгаад байгаа аж. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэ болзлыг биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгах юм байна.
Хуулийн хэрэгжилтийг энэ багц хуулийн дагуу байгуулагдах мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл хариуцан, хангах бөгөөд зөвлөлийн ажлын албанд улсын байцаагч ажиллаж, хяналт тавих аж.
Татварын хувьд бусад улс орны жишгийг болон улсын төсөвт татварын орлого тасралтгүй төвлөрөх байдлыг харгалзан казиногийн онцгой албан татварыг дараах хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож 7 хоног бүр төрийн санд төвлөрүүлэхээр тусгасан. Тодруулбал, казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авахаар тогтоожээ. Онцгой албан татварын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.
Казино эрхлэгчийн төлөх онцгой албан татварыг өндөр тогтоосон тул давхардуулан ААНОАТ, НӨАТ ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Казино эрхлэгчийн төлсөн татварын зарим хэсгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй хэмээн үзэж, онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг хориглох тухай төслийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэж заасантай зөрчилдөж байгааг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Үндсэн хууль дахь зохицуулалтыг харьцангуй утгаар ойлгох ёстой гэдэг байр суурийг салбарын сайд хэллээ. Үндсэн хуулиар иргэдийн зорчих, ажил хөдөлмөр эрхлэх, эвлэлдэн нэгдэх гээд олон эрх нээлттэй боловч салбарын, органик хуулиудаар тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон байдгийг тэрбээр дурдав. Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдсэн. БНСУ ч манай улстай адил эдгээрт нэгдсэн хэдий ч нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа казинод иргэдээ орохыг хориглож, хязгаарласан байдаг жишээ дурдсан юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ төрлийн бүтээгдэхүүнийг бий болгохын тулд иргэдийн хүсэн хүлээж буй шаардлагад нийцүүлж, эхний ээлжинд дээрх төрлийн хязгаарлалттай казиног нээх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Эдийн засгийн ач холбогдолтой энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улс орондоо бий болгож, сөрөг үр дагавараас нь иргэдээ хамгаалах агуулгаар дээрх зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгээ тайлбарлав. Төслийг боловсруулах явцад холбогдох судалгаа, тооцоолол, тандалтыг хийсэн бөгөөд хэдийгээр хориотой ч гэсэн цахим мөрийтэй тоглоомд донтсон иргэдийн асуудал бий, тэдгээрийн хор уршиг үргэлжилсээр байгааг сайд дурдаж байв. Засгийн газраас төсөлд дээрх шалтгаанаар холбогдох зохицуулалтыг тусгасан ч Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн явцад гишүүд саналаа тусгах боломжтой гэлээ. Дэлхийн 156 орон 5825 казино үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг ажлын хэсгээс өгч байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөлийн талаар, мөн харьяалах яамны талаар тодрууллаа. Төсөл дэх зохицуулалтыг олон улсын дундаж жишгээр боловсруулсан бөгөөд эхний ээлжинд нэг тусгай зөвшөөрлийг олгоод, хуульд заасан татвараа авахаас бусдаар үйл ажиллагаанд нь төрөөс оролцохгүй байх нь зүйтэй гэж үзсэн гэв. Мөн энэ төрлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлийг олон улсын жишгээр байгуулахаар төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд тайлбарлав. Тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгож буй шалтгаан нь хөрөнгө оруулалт нь 300 сая ам.доллароос доошгүй байх бөгөөд энэ нь бодит бүтээн байгуулалт болох тул тусгай зөвшөөрлийн хугацааг ийн тогтоох нь оновчтой хэмээн үзсэн байна. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Макаод энэ төрлийн тусгай зөвшөөрлийг 25 жилээр олгодог болохыг тэрбээр дурдаж байв. Түүнчлэн олон улсын нийтлэг стандартаар казино байгуулахын тулд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор байгуулах шаардлагатай бөгөөд цогцолборын 20 хувийг л казино эзлэх ёстой байдаг байна. Энэ тооцоолол дээр үндэслэж, хугацаа болон хөрөнгө оруулалтын босгыг тодорхойлсон гэв. Тухайн казинод хууль тогтоомжуудыг зөрчихгүй байх нэн тодорхой шаардлагыг л тавьж байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд хэлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд бусад оронд 18-22 хувийн татвартай байдаг атал төсөлд татварыг 40 хувь гэсэн байгаа нь хэт өндөр хэмээн үзэж байгаагаа, мөн бусад чөлөөт бүсэд байгуулах асуудлыг нээлттэй болгох нь зүйтэй гэв. Аялал жуулчлалын энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд ямар оролцоотой байх талаар, түүнчлэн үйл ажиллагаа эхлэх хугацааг хэдийд хэмээн тооцож байгааг Э.Бат-Амгалан гишүүн лавлан асуусан юм. Дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагч талтай консорциум болж ажиллах нь нээлттэй, тусгай зөвшөөрлөө Засгийн газраас авснаас хойш гурван жилийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа хэмээн Х.Нямбаатар сайд хариулсан. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь 1000 га газар бөгөөд дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа, бүсэд дотоодын олон мянган аж ахуйн нэгж бизнес эрхлэх боломжтой гэдгийг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, монгол хүн казино тоглох нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх шалтгаан нь байсан гэдгийг хэлээд, төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ монгол хүн казинод орохыг хориглох ёстой гэдэг байр суурьтай байгаа гэв. Казино байгуулснаар аялал жуулчлалын кластер бий болгох ач холбогдолтой, харин Засгийн газраас нэг зөвшөөрөл олгох нь өрсөлдөөнгүй болгож байна хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Өрсөлдөөн нь энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, амжилт, үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Дээрх хэмжээний хөрөнгө оруулалтын босготой учраас тухайн хөрөнгө оруулалтад баталгаа өгөх үүднээс эхний ээлжинд нэг зөвшөөрөл олгох нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарласан. Төслийн 13.1.1 дэх заалтыг дэмжиж байгаагаа Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Гэхдээ казинод орохыг хориглосон ч монголчуудын цахимаар мөрийтэй тоглож байгаа асуудлыг анхаарах шаардлагын талаар, мөн 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын үнэлгээний талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын иргэд цахим мөрийтэй тоглоомын нэг л платформ дээр сар тутам 30 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байгаа гэх тоон мэдээллийг Х.Нямбаатар сайд дуулгаад, Цахим хөгжлийн яам болон холбогдох газрууд хамтран арга хэмжээ авахаар ажиллаж байгааг мэдээлсэн. Гишүүний тодруулсны дагуу казино байгуулснаар 15-20 мянган ажлын байр бий болно гэх урьдчилсан тооцооллыг хийснээ ажлын хэсэг танилцууллаа.
Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 54.5 хувь нь Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохоор Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан байдаг боловч тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хууль байгаагүй бөгөөд ийм журам батлахыг зөвшөөрсөн эрх олгосон заалт байхгүй тул одоогоор эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй байгаа аж. Иймд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн хэдий ч нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа дээрх үйл ажиллагаануудыг зохицуулахаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааг нийтэд нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд эдгээр 4 төрлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг нөхцөлийг зохицуулсан байна.
Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь мөрийтэй тоглоомыг шударга ил тод, хариуцлагатай явуулах, хонжворыг шударгаар тооцоолж, оролцогчид даруй олгох, нийгэмд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх, олон нийтийг мөрийтэй тоглоомонд донтохоос хамгаалах зэрэг нийтлэг зарчмыг баримтлахаар зохицуулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Мөн бага насны хүүхдийг мөрийтэй тоглоомын хэрэгсэл болгох нь нийгмийн дэг журамд нийцэхгүй гэж үзэн 14 насанд хүрээгүй хүний оролцсон үйл явдал (уралдаан, тэмцээн)-д бооцоот таавар зохион байгуулах, 18 насанд хүрээгүй хүнийг тоглуулах, мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах, дээрх үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахыг нийтлэг байдлаар хориглосон байна.
Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 10 жилийн хугацаагаар олгохоор, дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь 1 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй (үүнд зориулалтын дагуу тохижуулсан ажлын байртай байх) байхаар тусгажээ. Цахимаар бооцоот таавар зохион байгуулах бол мэдээлэл, технологийн дэд бүтэц нь тасралтгүй, найдвартай ажиллах, аюулгүй байдлыг хангасан байх, Монгол Улсад байршилтай сервертэй байх, мэргэшсэн хүний нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.
Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Сангийн сайдаас ирүүлсэн саналын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгохоор тусгасан бөгөөд хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй (үүнд өөрийн өмчийн ажлын байртай) байхаар, мөн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан байна. Түүнчлэн хонжворт сугалаа зохион байгуулагчид сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох, сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын хөрөнгийн тодорхой хэсгийг хонжворт сугалаа зохион байгуулагч банкны тусгайлсан дансанд байршуулах зэрэг шаардлагуудыг тусгаж, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.
Татварын хувьд бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанаас олсон орлогод бооцоот таавар, хонжворт сугалааны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 30 хувиар Онцгой албан татвар ногдуулахаар, хожсон тоглогчид хонжворын 20 хувьтай тэнцэх хэмжээний хувь хүний орлогын албан татвар ногдуулах юм байна. Эдгээр үйл ажиллагааг хууль, журмын зохицуулалтгүйгээр эрхлэх нь нийгмийн дэг журам, хүүхдийн эрх, оролцогчийн эрхийг зөрчих тул үйл ажиллагааг тодорхой нөхцөл, шаардлага, хяналтын дор, онцгой татвартайгаар эрхлэх нь зохистой гэж үзсэн гэв.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Үргэлжлүүлэн Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Дэлхийн жишгээр бооцоот морин уралдаан нь тодорхой хяналттайгаар эрхлэхийг зөвшөөрдөг мөрийтэй тоглоомын нэг төрөл бөгөөд улс орнуудын онцлогоос хамааран энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн болон ашгийн бус загвараар явуулдаг байна.
Ашгийн бус загвар нь Хонг Конг, Солонгос, Японд төрийн байгууллагын дэргэд, төрөөс тусгайлан нэг этгээдэд олгосон эрхийн доор энэ төрлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд харьцангуй өндөр татвар тогтоодог байна.
Харин Америкийн Нэгдсэн Улс, Их Британи зэрэг улсад ашгийн загвартай бөгөөд морин тойруулга нь хувийн өмчид байхаас гадна ашиг олох зорилготой үйл ажиллагаа гэж үзэх тул бизнесийн орчин харьцангуй чөлөөтэй, татварын хувь хэмжээ бага байдаг байна.
Монгол Улсын тухайд бооцоот морин уралдааныг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн бус загвараар явуулахаар хуулийн төсөлд бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоолоо.
Бооцоот морин уралдааныг олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг хангасан, зориулалтын тоног төхөөрөмж бүхий морин тойруулгын цогцолборт зохион байгуулахаар заасан бөгөөд морин тойруулгын ажилтан нь энэ төрлийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байхаар тусгажээ.
Бооцоот морин уралдааны үйл ажиллагаанд дагаж мөрдөх “морин тойруулгын дүрэм”, “бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлал”, “бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэм” зэрэг холбогдох дүрэм, аргачлалыг Холбоо батлахаар заасан бөгөөд бооцоот уралдаанд уралдах морьдын ангилал, уралдааны төрөл, хэлбэрийг “бооцоот морин тойруулгын дүрэм”-ээр тогтоохоор тусгасан.
Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг уралдааны чадвар, дадлыг эзэмшүүлэх коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглосон.
Мөн бооцоот уралдаанд Холбооны гишүүнчлэлтэй уяач морин тойруулгын дүрмийн дагуу морио уралдуулах боломжтой бөгөөд Холбооны гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно.
Түүнчлэн бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгохоор заасан байна.
Татварын хувьд бооцооны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 60 хувиар онцгой албан татвар ногдуулах тул давхардуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд тоглогчийн хонжворын орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.
Мөн холбооны төлсөн онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.
Х.Нямбаатар сайдын танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авсан. Төслийн танилцуулгатай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд Бооцоот морин уралдааны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын даргын 2023 оны 14 дүгээр захирамжийн дагуу төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр болсныг хуралдаан даргалагч Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхэд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсээд байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчдын эрхийг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцуулав.
Тэрбээр, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан нөхцөл байдлаас үзэхэд цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах боломжгүй болоод байгааг танилцууллаа. Нөгөөтээгүүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байгааг дурдсан.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш "хоёр жилийн хугацаанд хангана.” гэж заасан хугацааг “гурван жил” болгох өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх буюу 11 гишүүний 54.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )