Нэг нь шантаажчингаар нь дуудаж, нөгөө нь ҮХЦ-д хандахаа мэдэгдэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

УИХ-аас байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр, Хөгжлийн банкны хэрэгт гэрчээр дуудагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр хоёрын дунд маргаан өрнөсөн билээ. 


Н.БАТБАЯР: Өмнөх сонголд намайг ирээгүй гэлээ. Тийм ээ, би ирээгүй. Надад албан ёсоор мэдэгдэл ирээгүй. Мэдэгдэх нь битгий хэл утсаар ч хэлээгүй. Тэгсэн хэр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр УИХ-ын индер дээрээс Н.Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлал гуйхыг танай Ажлын албанаас шаардаж байна. Миний нэр төрд халдсан хэрэг. Тиймээс энэ шаардлагыг ханган биелүүлж хэлэхийг танаас хүсэж байна. 

Б.ЭНХБАЯР: Уучлал гуйх эсэх дээр сүүлдээ шаардлага хүргүүлж байна. Та гэрчээр асуултад л хариулах ёстой. Шаардлага хүргүүлээд байх юм байхгүй. 

Н.БАТБАЯР: Түрүүчийн удаагийн хурал дээрээ намайг дуудсан боловч ирээгүй гэсэн зүйлдээ залруулга хийж өгнө үү. 

Б.ЭНХБАЯР: Тэрийг Ажлын албанаасаа тодруулж байж, танд хариу хэлье. 

Н.БАТБАЯР: Таны Ажлын алба тэнд сууж байна шүү дээ. 

Б.ЭНХБАЯР: Ажлын албанаасаа тодруулж байж хариу хэлье ээ. Та асуултад хариулж бай. 

Н.БАТБАЯР: Өнөөдөр УИХ-ын Хяналтын хорооны сонсгол явагдаж байна. УИХ-ын тухай хуулийн дагуу бол үйл ажиллагаагаа хуралдааны зарчмаар явуулдаг. Хуралдааны ирц ирвэл зохих хүмүүсийн 50 хувиас дээш бүрдсэн байж явуулдаг. 

Б.ЭНХБАЯР: УИХ-ын Түр хорооны сонсгол дэгд зааснаараа анх бүрдүүлсэн ирцээрээ явна. Анх бүрдсэн ирцээрээ үргэлжилж байгаа. Та бидэнд хууль заах хэрэггүй. Хуулийн дагуу явж байгаа. Танд шүүлгэх гэж энд Түр хороо ажиллаагүй. 

Н.БАТБАЯР: УИХ-ын хууль бол УИХ-ын хууль. Та бүхэн мэдэж байгаа, Чуулган дээр ирц бүрдэхгүй бол хурлаа эхэлдэггүй. Байнгын хороо ч тэр. 

Б.ЭНХБАЯР: Та бол 2012 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр гишүүдийн картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр сугалж авч байсан гэх үндэслэлээ тайлбарлах шаардлагатай. Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг, Хөгжлийн банкыг харьяандаа авах ёстой гэж шантааж хийсэн гэх улс төрийн асуудал байдаг. Та карт сугалж шантааж хийж сайд болсон, энэ асуудалдаа тайлбар өгөх хэрэгтэй. 

Н.БАТБАЯР: Хүн бүхэн харж байгаа, шударга ёсыг тогтоох ёстой гэж харж байгаа. Гэтэл өнөөдрийн Түр хорооны хурал нь ирцийн бүрдэлгүй үргэлжилж байгаа явдал нь хууль зөрчиж байна. Ийм байдлаар үргэлжлэх юм бол хуралдааны үр дүн гарахгүй. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөс өөр аргагүй гэдгийг хэлье. 

Б.ЭНХБАЯР: Та асуултад хариул. Та өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа. Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдаж байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван гишүүний ирцээр Монгол Улсын Эрүүгийн хуулийг баталж байсан. Шантааж хийж байж сайд болдог, Хөгжлийн банкыг өөртөө авдаг үе чинь дууссан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top