Чуулган хаалттай горимд шилжиж, ҮАБЗ-ийн мэдээллийг сонсож байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2023.03.15/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр "Энэ хаврын чуулганаар шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх гурван чиглэлд 10 багц хуулийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийнхөө үр дүнг үзэх ёстой гэдэг санал гарсан. Байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваарилах ёстой гэдгийг 90 хувь нь дэмжсэн. Парламентын чадавхыг дээшлүүлэх, улс төрийн намын хөрөнгө оруулалтыг ил тод болгохыг олонх нь дэмжсэн байна. Төрийн албан хаагчид хөрөнгөөс гадна зарлагаа мэдүүлэх нь зүйтэй гэж иргэд үзсэн байна. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл бол нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигыг үгүй хийхийг хүсэж байна. Тиймээс хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх ёстой. Энэ хүрээнд багц хуулиудыг хэлэлцэж батална. Хэдийгээр авлигын индексээр ухарсан ч авлигын хэргийг шүүхээр тасалсан нь өндөр байна" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатарыг үг хэлж дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ. Учир нь, үргэлжлүүлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай мэдээллийг сонсож байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top