ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Гишүүдийн зүгээс дээрх хуулийн төслийг Засгийн газар дахин оруулж ирэх ёстой гэх байр суурийг илэрхийлж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх хуульд бүхэлд нь хориг тавихдаа: 
 

  1. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэ баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
     
  2. Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг.  Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top