Б.Жаргалсайхан: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол мөрдөх ажиллагаанд саад учирна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ хуралдаж, дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Тэрбээр "Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт оруулж ирсэн. Тухайлбал, Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх асуудлаар шалгана. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон, нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр асуусан. 

Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүнийг гэрчээр асууж, 11 хүн яллагдагчаар татагдаад байна. 

Н.Наранбаатар гишүүний хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан. Энэ ажиллагааны үр дүнд гишүүдтэй холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа тул мөрдөх байгууллагад ажиллах боломжийг олгох гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа хийх нь шалгаж буй мөрдөгч, прокурорт эрсдэл үүсгэнэ. Учир нь аль нэг газар нэгжлэг хийхэд тухайн гишүүний халдашгүй дархан байдалд халдсан хэрэг болж хувирдаг. 

Хэрвээ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж УИХ-аас шийдвэр гаргавал тодорхой хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна.

Нотлох баримтыг олж авах бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орно. Дараагийн нөхцөл байдлыг шууд хэлэхэд хэцүү байна. Гурван гишүүний хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийхэд гишүүний бүрэн эрхийн асуудал үүсч байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.127) 2023 оны 03 сарын 30

Хөөе шударгаар сү.батболд ..З.Энхболд,Баттулга,Ээвий нарыгаа шалгаж чадахгүй юм уу

0  |  0
Top