АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсантай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дээрх гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2023.03.29/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, прокурорын саналыг хэлэлцэж байгаа юм. Тэгвэл нүүрсний хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдан УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх нь хөндөгдсөн гурван гишүүн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
Н.НАРАНБААТАР: БИ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ, НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.
Тэрбээр "Мөрдөх ажиллагааны талаар ярих эрх байхгүй. Би ямар хулгай хийсэн биш, айхгүй байна. Би АТГ-ыг дуудсан үед нь очсон, тайлбар өгөөгүй зүйл байхгүй. Дуудсан үед нь шаардлагатай материалыг нь аваад л очиж байгаа. Хуулийн байгууллага үндэслэлээ хэлэх байх, тэрийг нь сонсож байгаад хариугаа хэлнэ дээ. Надад хууль зөрчсөн, нүүрс хулгайлсан зүйл байхгүй" гэлээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ: БИ ПРОКУРОРЫН ДҮГНЭЛТТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ
УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийг мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр түүнтэй хамт 11 хүнийг яллагдагчаар татаж, 66 хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.
Тэрбээр "Би прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй. Манай эхнэрийн данстай хувьцааны мөнгө нь миний данс руу орсон асуудал л бий. Тэр нь 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг байгаа. Би нөлөөлсөн зүйл байхгүй. Өмнөговьчууд сайхан амьдрах, төрдөө төлөөлөлтэй байх ёстой" гэсэн юм.
Т.АЮУРСАЙХАН: БИ НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, 11 хүнтэй уулзахыг хориглож, 119 хүнийг гэрчээр байцаажээ.
Тэрбээр "Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Үүнийгээ би одоо ч гэсэн хэлж байна. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
baterdene tsaashaa bai chi bol hulgaich
Хэн ч би хулгайч гэхгүй