ЧУУЛГАН: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2023.03.30/ хуралдаж, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн. Тус дэд хорооны таван гишүүн найман цаг орчим хуралдаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн билээ. 

Эл шийдвэрийн хүрээнд үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан. Ингэхдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хэрэгтэй гэж шийдвэрлэсэн юм. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр өгсөн мэдээлэлдээ “Хэлэлцсан асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Түүний дараа бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд байгаа нөхцөл байдалд МАН-ын зүгээс илэрхийлж, байгаа байр сууриа илэрхийлж, тодорхой чиглэл өглөө. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ" гэсэн. 

Тэгвэл өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалтыг нууцаар явуулж эцэслэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top