Комиссар З.Дашдаваа АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ СТРАТЕГИ танилцууллаа

2023 оны 04 сарын 11

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдөр (2023.04.11) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2022 онд дууссантай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, мөн Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтыг үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд боловсруулж, батлуулахаар төслийг танилцуулж байна гэлээ. Тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги нь нийт 10 зорилго, 45 зорилт, 225 үйл ажиллагааг томьёолон тусгасан бөгөөд 2023-2030 онд хэрэгжих тус хөтөлбөрийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаатай нийцүүлж, мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн саналыг түлхүү тусгасан болохыг онцлон тэмдэглэв.
 

 

Тухайлбал, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэхэд 8 зорилтыг тодорхойлсон. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд 5 зорилтыг тодорхойлсон. Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулахад 5 зорилтоор томьёолсон. Түүнчлэн, төсөв, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдлийг бууруулж, хулгайлах, завших, үрэгдүүлэх боломжийг бүрэн хаана гэж 7 дугаар зорилгыг тодорхойлсон гэлээ.

 

Хөтөлбөрийн төслийг Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг 40 гаруй хууль тогтоомж, олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах болон хөгжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмж, дотоодын авлига, эрсдэл, шударга байдлын үнэлгээний тайлангууд болон төрийн хууль сахиулах байгууллагуудын үнэлгээний тайлан, дүн шинжилгээ, зөвлөмжийг судалж боловсруулсан аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top