Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас хүлээгдэх ЭЕРЭГ ҮР ДҮН

2023 оны 04 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар өнөөдөр /2023.04.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтууд багтсан байна.

Цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийлсэн юм.

Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.

Тухайлбал,

  • Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт ил тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.

 

  • Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;

 

  • Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;

 

  • Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;

 

  • Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top