Энэтхэг улсад төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийг нээлээ

2023 оны 04 сарын 18

Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХурДан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээж байна. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БНЭУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн нээлтэд оролцлоо.

Ингэснээр тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд анхаарч нийт 47 улсад “ХурДан” цэгийг байгуулахаар төлөвлөснөөс БНСУ-ын Сөүл, Бусан хотод 3 цэг, Австри Улсын Вена хотод нэг цэгийг нээсэн бол БНЭУ-ын Дели хотод 5 дахь цэгийг ийнхүү нээжээ. “ХурДан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг  хувь хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлж байгаа юм.  Цаашид үе шаттайгаар  55 байгууллагын 790 орчим үйлчилгээг үзүүлнэ. 

Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг Улаанбаатар хотод хүн амын нягтрал ихтэй 14 байршилд нээж, үйл ажиллагаа нь эхэлсэн ба аймгуудад нээх бэлтгэл ажил хангагдаж байна. Ингэснээр иргэд “ХурДан” гэсэн брэндбүүк лого бүхий газраас төрийн үйлчилгээг өөрт хамгийн ойрхон цэгээс авах боломжтой болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top