Монгол Улс жуулчдад юу санал болгодог вэ? Лууны сийлбэр ба талын гайхамшиг

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Буддын сүрлэг сүм хийд, уулаар бэлчээрлэх саглагар сарлаг, хязгааргүй талаар давхих адуун сүрэг, сонирхолтой хоол. Энэ бол Төвөд эсвэл Бутан биш, хөрш зэргэлдээх Монгол орон.

РИА Новости агентлаг Монголд хэрхэн аялах талаар ийн бичжээ. 

Луу ба Будда 

Гэсэр сүмийн модон багануудыг луугаар чимэглэжээ. Сүмийн тохилог хашаан дээгүүр шавар дээврийн хавтан харагдана. Сүмд лам нар төвөд хэлээр ном уянгалуулан уншина. Оросын хилээс дөнгөж 350 км зайд гэхэд итгэмээргүй. 

Гэсэр сүмээс холгүй Гандантэгчинлэн хийд асар том цагаан хад мэт сүндэрлэнэ. “Дотор ороод нар зөв тойрох учиртай. Хүсвэл хүрд эргүүлж болно” хэмээн нутгийн хүн тайлбарлаж өгөв. 
 


Тарни, ном унших нь уянгатай сонсогдоно. Мөргөлчид сүсэгтэн олныг дээрээс амарлингуй ширтэх 26 м өндөр Бурхан багшийн сэрэг дүрийг үзэж, мөргөх гэж Монгол орны булан бүрээс эл хийдийг зорино.

Социализмын бүтээн байгуулалт, шашны эсрэг суртал ухуулга Монгол Улсыг тойрч гараагүй. 1938 онд хийдийг хаажээ. Харин Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол төрийн тэргүүн Хорлоогийн Чойбалсан сэрэг дүрийг буулгаж, ЗХУ-д явуулахыг тушаажээ. Тэнд шүтээнийг хайлуулж, сум хийсэн гэх яриа ч бий. Хожим нь буюу 1996 онд Бурхан багшийн сэрэг дүрийг дахин сэргээн босгожээ. 
 


Эргэн тойронд ордон 

Тансаг ялгуусан хаалга VIII Богд гэгээний ордон руу хөтөлнө. Тэрээр 1911 онд Хятадаас тусгаар тогтносон Монгол Улсын анхны төрийн тэргүүн байв. Энэ үйл явдалд зориулан энэхүү сүрлэг ялгуусан хаалгыг босгожээ. 
 


Хаалганы цаана зуны өргөө, хоёр давхар өвлийн ордон зэрэг цогцолбор сүндэрлэнэ. Богд гэгээн өвлийн ордноо орос хэв загвараар барихыг тушаасан нь Хятадын эзэн хааны дургүйцлийг хүргэж байжээ. Дотоод засалд Бурхны шашны хээ, угалзыг оруулж өгснөөр зөрчлийг шийдэж байсан аж. Өдгөө тус ордон музей болсон. Музейн хамгийн өвөрмөц үзмэрүүдийн нэг бол 150 барын арьсаар хийсэн гэр. Тус гэрийг Богд гэгээнд нутгийн ноён бэлэглэж байжээ.

Монгол төрийн тэргүүнд бэлэглэж байсан заанд зориулсан монгол үндэсний хэв маягтай өмсгөл сонирхол татна. 
 


Бас нэг гайхалтай дурсгалт газар бол Чойжин ламын сүм.

Цагтаа энэ сүм Богд гэгээний дүү, Монгол шашны гол чойжин Лувсанхайдавын өргөө байжээ. Өдгөө тус цогцолбор шашны музей болжээ. 
 


Үндэсний музей болон Дүрслэх урлагийн музей таныг Монголын түүх, соёлтой танилцуулна. Улаанбаатарт ирсэн хүн Үлэг гүрвэлийн музейгээр орохгүй бол гэм болно.

Монголын өмнөд хэсэгт орших говь нутаг үлэг гүрвэлийн чулуужсан арга ясаар дүүрэн гэхэд хилсдэхгүй. Монгол Улс бол палеонтологичдын хувьд бол жинхэнэ диваажин. 
 


Хар захын олон өнгө 

Нарантуул нь энгийн нэг зах. Гэхдээ зах гэхээсээ илүү угсаатан зүйн музей л гэсэн үг. Лангуун дээр морины эмээл, хазаар, ташуур, дөрөө өрөөстэй. Ойролцоо нь монгол гэр болон гэрийн тавилгууд зарна. 

“Чамд морь бий юу? Тэгвэл ав” хэмээн жуулчдыг харангаа эмээлээ заан, худалдагч тоглоом хийнэ. Энд мөн үнэт чулуугаар урлаж хийсэн хөөрөг, хэт хутга, савх зэрэг эр хүний хэрэглэл харагдана. Хамгийн хямд нь л гэхэд 1.5 сая төгрөг буюу 33.4 мянган рублийн үнэтэй. Морь унахад зориулсан гутал, ихэнх нь уламжлалт хээ, угалзаар чимэглэсэн байх ба үндэсний дээл, малгай мөн санал болгоно. Энэ бүгд жуулчдад зориулагдсан эд биш. Энд жинхэнэ дорнын ертөнц ноёлно. Эд, хэрэглэл бүрийг монгол хүн монгол хүндээ зориулан урлажээ. Гэр эсвэл эмээл авахаар нийслэлд ирсэн нүүдэлчид лангуу хооронд хөлхөнө. 
 


Өдрийн аяллын төгс төгсгөл бол Зайсан толгойд байрлах хөшөө дурсгалыг үзэх явдал юм. Зөвлөлт, Монголын дайчин нөхөрлөлд зориулсан хөшөөнөөс Улаанбаатар хотын гайхалтай дүр зураг харагдана. 
 


Нүүдэлчний аз хийморь

"Тэд том биетэй ч аймхай, шууд л зугтана" хэмээн жолооч Алекс инээнэ. Үнэхээр ч саглагар сарлаг илэх гэсэн жуулчдаас гайхмаар шаламгай бултана.

Машиндаа сууж, Горхи, Тэрэлжийн үндэсний парк руу аяллаа үргэлжлүүлэхээс өөр сонголт өгсөнгүй.
 


Монгол орон бол юун түрүүнд тал нутаг, уулс юм. Автомашины цонхоор Туул голын хөндий налайна.

Эрэг дээр ганц гэр байх ба адуу, ямаа бэлчинэ. Арьяабалын сүм өндөр уулын бэлд байрладаг. Сүмд зөвхөн явган явж, дүүжин гүрийг давж байж л хүрнэ. Сүмийн үүднээс хөндий бүхэлдээ хараа булаана.
 


“Тэр энэ газарт ташуур олсон гэдэг. Нүүдэлчин хүний хувьд агуу үйлийг бэлгэдсэн том аз, сайны дохио” хэмээн Алекс тайлбарлав. Чингис хааны морьт хөшөө Улаанбаатар хотоос холгүй сүндэрлэнэ. Суурьтайгаа нийт 50 метр өндөр хөшгөө дэлхий дээрх хамгийн том морьт хөшөө юм. Морины толгой дээрх тавцангаас ойр орчмыг тольдох боломжтой. Харин гадаа нь тэмээ, морь унаж, бүргэдтэй гэрэл зургаа татуулахыг санал болгоно. Жуулчдад зориулсан гэр түрээсэлж, шөнийн оддыг харан, жинхэнэ нүүдэлчин шиг хэдэн өдрийг өнгөрүүлэх боломжтой. 

Талын Монголын бэлэг 

Монголоос жуулчид арьсаар хийсэн бүс, цүнх, гутал, бээлий болон тэмцээний ноосон оймс, бээлий бэлэг болгон худалдан авдаг. Өвөрмөц бэлэг дурсгал гэвэл нүүдэлчдийн аж амьдралыг дүрсэлсэн арьсан дээрх зураг авч болно. Түүнээс гадна Монгол Улс зөөлөн алт буюу онцгой үүлдрийн ямааны ноолуураар алдартай. Ноолууран хувцасны дэлгүүрүүд олон. Нэг нь Засгийн газрын ордны дэргэд бий. Тус дэлгүүрт бэлэг дурсгалын том тасаг ч бий. Мөн Их дэлгүүрт Монгол бэлэг дурсгалын бүхэл бүтэн давхар ажиллаж байна. 
 


Тээвэр ба мөнгө

Москвагаас хил хязгааргүй талын оронд очих хамгийн хямд бөгөөд энгийн арга бол Улаан-Үд хүртэл нисэж, тэндээс өдөр бүр явдаг Улаанбаатар чиглэлийн автобусаар явах арга юм. Онгоцоор нисэхэд долоон мянга орчим рубль болох ба газраар явах зардал нэмж гурван мянган рубль болно. Үүнээс гадна, Хабаровск, Улаан-Үд, Эрхүүгээс долоо хоногт Улаанбаатар руу хэд хэдэн нислэг бий. Улаан-Үд, Эрхүүгээс мөн галт тэрэг явна. 
 


Оросуудад виз авах шаардлагагүй. Ковидын хязгаарлалтууд ч мөн цуцлагдсан байгаа. Улаанбаатар хотын төвд валют солилцооны Найман шарга гудамж бий. Тэнд жуулчид рублиэ төгрөгөөр солиулдаг. Тэр бүү хэл энгийн банкны аппликэйшн ашиглаж, рублиэ карт руу хийж, бэлэн төгрөг авч болно. Гэхдээ энэ тохиолдолд ханшны зөрүү нь танд ашиггүй. 

Ахмад насныхан орос хэлээр илүү ярьдаг бол залуустай англиар харилцаж болно. 

Мах ба сүү 

Нүүдэлчин малчид газар тариалан бараг эрхэлдэггүй байсан тул үндэсний хоолны гол орц нь мах, сүү хоёр. Хилийн хоёр талд /Буриадад мөн адил/ бууз бол үндэсний хоол. Хуушуур таалан идэхдээ хуруугаа түлэх вий. Дан махтай шөл бас бий. Ногоотой хамт жигнэж болгосон мах буюу хорхог нь үнэхээр өег хоол. Европ хоолтой илүү дөхөж очих хоол бол цуйван. Давстай, сүүтэй цайгаар өглөө, өдөр, орой дайлдаг онцлогтой. Ингэхдээ сүүг буцалсан усан дээр хийж, чанана. Цайтай хамт ааруулаар дайлдаг. Хэлбэр нь жигнэмгийг санагдуулна. Орос хүний хувьд хамгийн өвөрмөц хоол бол банштай цай буюу сүүтэй цайнд чанасан банш. Монголчууд энэ хоолондоо үнэхээр дуртай. Банштай цайг ямар ч кафед захиалж болдог.
 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top