Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.04.21/ “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцууллаа.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналыг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, холбогдох Байнгын хороонд буцаасан.
Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг дахин хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Ундрам, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тогтоолын төсөл дэх зохицуулалт ерөнхий байгааг Б.Баттөмөр гишүүн хэлээд, нүүрсийг биржээр худалдах асуудлыг анхаарах, хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангах, зөрчигдсөн технологиудыг зөв болгох, бүтээгдэхүүний үнийг бүс нутгийн ханшид хүргэх, өр авлага, иргэдэд олгох хувьцаатай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх шаардлага бий гэдгийг хэлсэн юм. Тус ХК-ийн хэрэгжүүлж байгаа том төслүүдийн хүрээнд байгуулсан гэрээ, гүйцэтгэл, үнэ өртгийг анхаарч, хянахтай холбоотой саналыг тэрбээр хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, тус компанийн 1072 ш хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашиг олгох талаар тодрууллаа.
Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэхүү тогтоолыг баталснаар Та бүхэнд хатуу үүрэг оноож байна. Онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага, зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох нь зүйтэй. Нэр хүндтэй, олон улсын аудитын компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийлгэх хэрэгтэй. IPO гаргахаас эхлээд цаашид хийх олон ажлын үндэс юм. Олон жил хийлгэж байна гэж яриад байгаа, үүнийгээ эцэслэн, цэгцэлж Улсын Их Хуралд танилцуулаарай. Түүнчлэн гишүүдийн хэлж байсанчлан эрх зүйн хэм хэмжээг чанд сахих тал дээр онцгой анхаарч, болзошгүй эрсдлээс сэргийлж байх нь чухал гэдгийг хатуу санаж, дор бүрнээ анхаарч ажиллаарай” хэмээн сануулаад “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )