Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы /2023.04.21/ өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Хасуурын Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэг явуулах үед Ажлын хэсэг төслийн талаарх нийт 93 зарчмын зөрөөтэй саналын томьёолол бэлтгэж, арчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудын ихэнхийг дэмжсэн байна.
ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛ:
Төслийн зарим нэр томъёог Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбартай нийцүүлэн өөрчлөх,
-Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагааг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын болгон өөрчлөн найруулж, тус жуулчид нүүдэлчин соёл ахуй, зан заншлыг таниулан сурталчлах, зочныг гэрээр болон ердийн хөсгөөр үйлчлэх, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хамааруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрхлэгч эрх бүхий байгууллагаас баталсан техникийн зохицуулалт стандартыг үйл ажиллагаандаа мөрдөх,
-Тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, байгал, түүхийн соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор улсын газар зохион байгуулалтад үндэслэн орон зайн төлөвлөлт бүхийн аялал жуулчлалын бүстэй байх. Тус бүст аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалттай холбогдох техникийн зохицуулалт стандартыг мөрдөх, түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байх,
-Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд тур оператор, аялалын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч, тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийн нэгдэл бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдын сургалт, зөвлөгөөн, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах,
-Аялал жуулчлалын байгууллагын ажилтны баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах, үндсэн чиг үүрэг бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байх,
-Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аялал жуулчлалын төв бүс болон олон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн отоглох цэг байгуулан байршлыг тогтоох,
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр тодорхойгүй тул тусгай сан байгуулах шаардлагагүй гэж үзэн, төслөөс уг сантай холбоотой зохицуулалтыг хасах,
-Үүнтэй холбогдуулан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах
-Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах,
-Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж боловсруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгэгдэл ( 0 )